Б.Энхбаяр: АСЕМ-ийн үйлчилгээнд ашигласан 43 автобусны гурав нь олдохгүй байгаа

Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн.

АСЕМ-ийн автобусны санхүүгийн түрээстэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэрчээр дуудагдан оролцсон.

АСЕМ-ийн үйлчилгээнд 14 хоног ашигласан 43 автобусыг 2017 онд Сангийн яамны 8-3/6493 тоот албан бичгээр нэгж бүрийн үнэлгээг 44 сая төгрөг, нийт 1.9 тэрбум төгрөгөөр бууруулсан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 30.6 дахь заалтыг хэрэгжүүлээгүй гэж шинжээч дүгнэсэн аж.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 1.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бууруулж оруулсан нь алдагдал болсныг шинжээч хэллээ. Яагаад энэ үнэлгээг бууруулсан бэ?

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар: Тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 43 автобусыг дамжуулан зээлдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн зүгээс автобус авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлага, зээлийн нөхцөлийг боловсруулан Сангийн яаманд ирүүлсэн байдаг. Гадаадын хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журмын холбогдох заалтуудтай нийцэхгүй байсан учир Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн.

Улмаар 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр тус зээлийг арилжааны банкаар дамжуулах, зээлийн хүүг 2.25 болгон 12 хүртэлх жилийн хугацаанд үндсэн төлбөрийг төгрөгөөр хийхийг зөвшөөрсөн юм. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс 43 автобусыг анх худалдаж авах үеийн ханшаар төгрөгт шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, мөн дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахгүй удсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хувийн байгууллагад 21 автобус, төрийн байгууллагад 19 автобусыг олгосон байна. Нийт 43 автобус байх ёстой. Гэтэл гурван автобус олдохгүй байгаа. Хяналт шалгалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас асуухад мэдэхгүй гэсэн. Та үүнийг мэдэх үү?

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар: Дамжуулан зээлдүүлэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам хийдэг. Гурван автобус алга болсон асуудлын талаар тус яамнаас тодруулбал дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. Би мэдэхгүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn