ӨВЛИЙН СПОРТЫН XVI НААДМЫН БЭЛГЭДЭЛ “АРСЛАН”-Г орхон аймгийн урлаач ээжүүд  урлаж байна

2023-02-04

Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Хүүхдийн спортын VII наадам Орхон аймаг, Эрдэнэт хотод даваа гаригт эхэлнэ.

Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлгэ тэмдэг  хүчит арслангаар Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмыг бэлгэдсэн. Наадмын бэлэгдлийг “Хамтдаа урлая” урлангийн 15 гар урлаач ээжүүд аймаг, орон нутгийнхаа онцлогийг шингээн гараар нэхэж байна. Тэдний урласан 210 нэхмэл арсланг өвлийн спортын наадамд амжилт гаргасан тамирчдад дурсгал болгон хадгалуулах юм.

Арслангийн их биеийг шаргал, ногоон өнгөөр хийж буй нь шар өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг төлөөлүүлжээ. Мөн арслангийн энгэрийн туузанд Орхон аймгийн болон өвлийн спортын наадмын логог шигтгэж өгчээ.

Чимхлүүр ажил ихтэй хөдөлмөр, сэтгэл шингэсэн урлаач ээжүүдийн  эл бүтээл дуусахад бэлэн болжээ.  Түүнчлэн орон нутгийн зүгээс жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжин тус наадмын бэлгэ тэмдгийг урлуулж байгаад аймгийн удирдлагуудад  болон, өвлийн наадмыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй баг хамт олонд талархал илэрхийллээ.

Спортын наадамд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 19 аймгийн тамирчин 700 тамирчид оролцож 526 багц медалийн төлөө өрсөлдөнө гэж аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ