Х.Оргил-Эрдэнийг 2019 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” ХХК-ийн ажилтнаас 20,000 юаны авлига авч байгаад баригдсан үндэслэлээр мөн баривчилж байсан юм. Гэвч дараа нь хорих шаардлагагүй гэж сулласан билээ.
Зам тээврийн яамны дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийн хэргийг мөн шалгаж дуусчээ. Улмаар түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байна. Эргэн сануулахад, түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд бусдад давуу байдал бий болгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгасан юм.
Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ 2021 онд 800 гаруй сая төгрөгийн орлого олсноо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ. Жилийн өмнө 100 хүрэхгүй сая төгрөгийн орлого мэдүүлж байсан нь ийнхүү огцом өсч гэр бүлийн гишүүдийнх нь орлого нэмэгдсэн нь шалгах үндэслэл болсон талаар албаны эх сурвалж мэдээлж байлаа.