НОСК, ТОСК-ын нэр барьж 129 иргэнээс 831 сая төгрөг залилжээ

2023-01-31

Иргэн А болон Ж нар Ц, У, Л, В, Ө, Р-тэй бүлэглэн “НОСК, ТОСК-д ажилладаг хүн байна. Буянт Ухаа 2 орон сууцад хамрагдах цахим дугаарлалтыг урагшлуулж бүртгүүлж, орон сууцад оруулж өгнө” хэмээн хуурч, залилан хийжээ. Улмаар 129 иргэнээс нийт 831.4 сая төгрөгийг залилан авсан байна.

Шүүхээс иргэн А-д ганцаараа болон бусадтай залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, зургаан жилийн хорих ял оноожээ.

Харин иргэн Ж, Ц, У, Л нарыг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, учруулсан хохирлын шинж чанар, хэмжээ, хохирол төлсөн байдал, хувийн байдлыг тус тус харгалзсан байна. Улмаар Ж-г гурван жил хорих, Ц, У, Л нарыг тус бүр нь 10 сая төгрөгөөр торгох ял оноолоо.

Иргэн В-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан байна. Харин Ө, Р нарыг залилах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэм буруутайд тооцлоо. Ингэснээр иргэн Ө-д нэг жилийн хорих, Р-ийг нэг жилийн хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлах ял оноож шийдвэрлэв.

Шүүхээс иргэн А, Ж, Ц, У, Л, В, Ө, Р нарыг гэмт хэрэг үйлдсэнээ хүлэнэ зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагйү, өөрт ногдох хохирол төлбөрөөс хохирогч нарт тодорхой хэмжээг төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хохрол, хор уршиг арилаагүй, тэдний ар гэрийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үэзж, ялгамжтай ял оногдуулсан байна.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

А, Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,
Ц, У, Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,
В-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Ө, Р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байв.

Холбоотой мэдээ