Ж.Сүхбаатар: Нийтийн тээврийн асуудлаар санаа зовж байгаа хүн Монголд бараг ганцаараа би байна

2023-01-30

Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ нийтийн тээврийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстойг онцоллоо.

Тэрбээр “Түгжрэлийн сайдаар юу байна гээд асуух би түгжрүүлэгч чамаар юу байна гэсэн. Түгжрэлийг нэг хүн, нэг байгууллага үүсгээд байгаа юм биш.

Би Канадад нэг жил амьдрахдаа бүтэн жил автобусаар явсан. Би гишүүн болохоосоо өмнө ч автобусаар явдаг байсан. Сонгогдож гарч ирээд ажлаа автобусны буудлаас эхэлнэ гэж хэлж байсан.

Би хүүхэд байхдаа автобусны жолооч нарын дунд өссөн, миний ээж нийтийн тээврийг удирдах газар насаараа ажилласан хүн. Автобусны амьдралыг мэддэг хүн. Нийтийн тээврийн асуудал номер нэгт байх ёстой.  Нийтийн тээврийн асуудалд өглөө босоод, орой унтахдаа санаа зовж байгаа хүн монголд бараг ганцаараа би байна.

Автобуснуудаар нь, зогсоолоор нь явж, жолооч нартай нь ч уулзаж байна.

Намайг сайд болохоос өмнө нийтийн тээврийн асуудал төрийн бодлого болоогүй, нийтийн анхааралд ороогүй байсан. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулаагүй үед түгжрэлийг арилгаг, хотын хөгжлийн ямар ч асуудлыг ярих боломжгүй. Ерөнхий сайд нийтийн тээврийн асуудлыг 2023 онд шинэ түвшинд гарга гэсэн үүргийн дагуу ажиллаж байна.

Автобусны талаар надаас илүү мэддэг хүн байвал мэтгэлцэхэд бэлэн байна. Хэдэн онд ямар автобуснууд орж ирсэн, маршрут нь ямар байна, шинэчлэх ямар асуудлууд байгаа талаар бид бүгд мэднэ. ДЭҮ гээд 400 автобус 2009 онд орж ирснээс 100-аад нь одоо болтол хүйтэн, цантсан ч гэсэн явж байна.

Автобусны чанарыг сайжруулна, үнийг гайгүй байлгах чиглэлд анхаарна. Гэхдээ энэ ажлуудыг хийхээр дахиад санаа зовоосон асуудлууд гарч ирнэ. Автобусны 500 төгрөг байгаа асуудлыг яах вэ. Жолооч нарынхаа цалинг нэмж чадахгүй, парк шинэчлэлийг хийж чадахгүй байна. Эхлээд ажлаа хийж дуусаад ярихгүй бол татвар нэмэх гэж байна, амьдрал хэцүү байхад болъё гээд яриад эхэлнэ.

Одоо бараг Ж.Сүхбаатар гэж хүн гарч ирснээс хойш түгжрэлтэй болсон юм шиг яриад байна. Зайсангийн уулзварт хийсэн шинэчлэл шиг дараа, дараагийн уулзварыг шийднэ” гэлээ.

Холбоотой мэдээ