Н.Энхбаяр: 1992 оны Үндсэн хуулийг муулаад байгаа юм биш, үүргээ гүйцэтгэсэн учраас өөрчлөх цаг иржээ

2023-01-26
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 2022 оны наймдугаар сард захирамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилж, дөрвөн намын даргыг бүрэлдэхүүнд нь багтаасан. Тодруулбал, Иргэний зориг, ногоон намын дарга Ц.Ганхуяг, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, Монголын үндэсний ардчилсан намын дарга асан Б.Цогтгэрэл, Шинэ намын дарга Ц.Гантулга нар багтсан.

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, ИЗНН-ын дарга асан Ц.Ганхуяг, МҮАН-ын дарга асан Б.Цогтгэрэл, судлаач Д.Сүхжаргалмаа, Шинэ намын дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцлоо.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Дөрвөн нам нэгдэж, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд боловсруулсан Үндсэн хуулийн төслүүдээ нэгтгэж, нэг төсөл болгож боловсруулсан. Энэ дагуу даалгавар гарсан нь Ерөнхий сайдын захирамж. Бид төслөө боловсруулаад, 2023 оны нэгдүгээр сарын 3-нд албан ёсоор Ерөнхий сайдад гардуулж өгсөн. Биднийг төслөө нягт, нямбай танилцуулж амжаагүй байтал хэвлэлээр үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд явсан. Хуульч эрдэмтдийн дийлэнх нь шилжилтийн Үндсэн хуулийг халах цаг нь болсныг зөвшөөрч байна. Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн 70 хувь нь шинэ Үндсэн хуулийг хэлэлцэхийг шаардсан. Өнгөрсөн онд улс төрийн 24 нам “Шинэ Үндсэн хууль батлах хэрэгтэй” гэж нэгдээд, Төрийн ордонд тунхаглалд гарын үсэг зурсан. Төр муу байгаа, Үндсэн хууль муу байна. Төр авлигатай байна уу? Төрд хулгай нүүрлэж байна уу? Төр дарангуйлагч болсон уу? Хонгилын шүүх ажиллаж байна уу? 650 хууль хүний эрхийг зөрчиж байна уу? Төр чадваргүй, хариуцлагагүй болсон уу? Төрийн дээр нам гарсан уу? Үндсэн хуулийн дээр улс төрийн нам гарсан уу? Улс яагаад хөгжих, иргэд яагаад ийм ядуу байгаа юм бэ? Энэ бүхэн Үндсэн хуулиас бий болсон ужиг хямрал юм гэж бид бүхэн үзэж байна. Тийм ч учраас 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг халах цаг ирсэн гэж үзэж байна”.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “1992 онд батлагдсан Үндсэн хууль бол маш чухал хууль байсан. Тэр үед бид цоо шинэ тогтолцоо руу шилжиж орохоос өөр аргагүй байдалд байсан. Гадаад, дотоод бүх нөхцөл байдал тэгж бүрдсэн байсан. Бид 1992 оны Үндсэн хуулиа хийхдээ нам төвтэй харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжье гэж томъёолсон байдаг. Шинэ Үндсэн хуульдаа “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага” гэж томъёолсон. Тэр тогтолцоо, тэр зохицуулалтаас болоод харамсалтай нь төр засаг хяналтаас гарсан. Хяналтаас гарсан төр засаг ард түмний бухимдлыг төрүүлээд, хянах хүсэлтэй хүмүүс нь хянаж чадахгүй, хулгай зэлгийг зогсоож чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй ард түмэн бухимдаад байна. Одоо олон улсын харилцаа ч тийм болж байна.

Нийгмийн захиалга юу байна вэ гэхээр хүн төвтэй, хүн төр засгаа хянадаг, иргэн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга өөрийн эрхгүй судлаачид, социологичид, эрдэмтэд, төрийн бус байгууллагууд, жирийн иргэдээс гарч байна. Энэ төсөл төр төвтэй буюу хэний ч хяналтын гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай нийгмийн харилцаа руу шилжих цаг ирлээ гэж үзэж, 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн зөв, хамгийн хурдан, ард түмэн хамгийн их ашигтай гарц гэж үзэж, боловсруулсан. 1992 оны Үндсэн хуулийг муулаад байгаа юм биш. Үүргээ гүйцэтгэсэн учраас өөрчлөх цаг иржээ.

Энэ Үндсэн хуулийн асуудлыг бид ярьсан юм биш. 20 гаруй нам Үндсэн хуульд шинэчлэл хийе гэж тунхаг бичигт гарын үсэг зурсан. Саяхан болсон Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн ард түмний том уулзалт дээр Ерөнхий сайд илтгэл тавьж, гурван гарц байгааг тэнд буй хүмүүст хэлсэн. Нэг нь, юу ч хийхгүй яг хэвээр нь байлгая гэж. Хоёрт, тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулъя гэж. Гурав дахь нь, цоо шинэ Үндсэн хуультай болъё гэсэн.

МАХН, МАН хоёр жил гаруйн өмнө нэгдэж байхад бид энэ асуудлыг бас ярьж байсан. Үндсэн хуулийн хямрал эргээд улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал болох гээд байна. Бүгдээрээ сайхан Үндсэн хууль болгох юмсан, тэгж ард түмнээ баярлуулах юмсан, байгалийн баялгийг нь ард түмэндээ өгчих юмсан гэж ярилцсан.

Тийм учраас У.Хүрэлсүх ерөнхийлөгч сонгуульд оролцож байхдаа “Баялгийн эзэн монгол” гэсэн лоозонтой орж байсан шүү дээ. Тэрний цаад санаа нь баялгаа ард түмэндээ өгье л гэсэн санаа.

Хоёр танхимтай парламент гэдэг энэ тогтолцоог үндсээр нь өөрчилье гэсэн үг. Зөвхөн нэмэлт өөрчлөлтөөр хоёр танхимтай парламент хийж болохгүй шүү дээ. Энийг цоо шинэ Үндсэн хуулиар хийхээс өөр арга байхгүй. Хоёр танхимтай парламентаар намууд нь ч нэг танхимд орог, нөгөө танхимд нь иргэд тэрийгээ хянаж байдаг нам бус зарчмаар орог гэсэн зарчим байгаа юм. 20 гаруй нам 10 гаруй жилийн турш шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад яваад байгаа байхгүй юу. Нийгмийн захиалга бий болоод байгаа учраас энэ ажлыг явуулъя, төслөө боловсруулъя, ард түмнээрээ хэлэлцүүлье гэдэг нийгмийн шаардлага байгаа учраас Л.Оюун-Эрдэнэ залуу хүний хувьд мэдрэмжтэй хандаад, намууд та нар ажилла л даа, биднийг шүүмжлээд суухын оронд саналаа хэл л дээ, та нарын саналыг аваад, ар түмнээрээ хэлэлцүүлье дээ гэсэн сайхан сэтгэлийг агуулсан байхгүй юу.

Өмнөх Үндсэн хуультай яг адилхан хуулийн төсөл гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл, жишээлбэл тангарагтны шүүхийн асуудал, орон нутгийн өөрөө удирдах ёсны тухай асуудал Шинэ намын төсөлд туссан, байгалийн баялгийг ард иргэддээ өмчлүүлэх тухай асуудал МҮАН-ын төсөлд нэлээд туссан” гэлээ.

Холбоотой мэдээ