
Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн барихаар болсон билээ. Уг хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий зарим этгээд буюу УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд төрийн албаны удирдах, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалд ажиллахыг хязгаарлах зохицуулалтыг тусгасан.
Мөн төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй, бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй, концесс эзэмшихгүй байх юм. Энэхүү хязгаарлалт нь нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн хамаарахаар тусгасан.
Тэгвэл ах, дүү, гэр бүл, хамаатан саднаас илүү улстөрчдийн туслахуудыг төрийн алба хаших, төсөл, тендер авахыг хориглох нь зүйтэй байна.
УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын ажилд тусалдаг нөхдийг туслах гэдэг. Манайхан бол цүнхчин гэх. Хуучин гишүүд, сайд нарын туслах буюу цүнхчин байсан нөхдүүд өнөө бараг Монгол улсын төр, засгийн эрхийг дангаараа барих шахаж байна.
Төрийн өндөр албан тушаалтнууд зөвхөн хамаатан садангуудаараа дамжуулан төсөл, тендэр авдаг юм биш,тэдэнд бас хамтран элдэв зүйл хийдэг туслахууд гэх “арми” бий болсныг туслахуудын нэр холбогдсон авлигын гэмт хэргүүдээс харж болно.
Тухайлбал, “фортуна” хэмээгдэх УИХ-ын гишүүн Н.Батбаярын туслахаар ажиллаж байсан Н.Мөнхбат Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаад авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгт холбогдсон.
УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд Т.Аюурсайхан өөрөө Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж, улстөрд орсон. Гэтэл түүний туслах болон зөвлөх байсан хүмүүс өнөөдөр бүгд нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байна. Энэ мэт жишээ олон.
Сайд, даргынхаа нөмөр, нөөлөгт эрдэн омогшсон тэд хуулийг гууль болгож, төрийн албыг хүслээ гүйцэлдүүлэхэд ашиглан албан хаагчдыг өөрийн “боол, зарц” мэт үзэн дарангуйлж явдаг тухай ярих, бичих хүн олон.
Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр Засаг дарга Д.Сумьябазараа шахаад ажил хийлгээд өгөх ИТХ, ИТХ-ын төлөөлөгчид алга. Барагцаалж тоолоход нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн бараг 70 хувь нь хэн нэгэн гишүүн-даргын туслахаар ажиллаж байсан хүмүүс ажээ. Авлигажсан улстөрд, төрд ажиллаж буй улстөрчдийн туслахууд авлигачид л болох нь гашуун үнэн билээ.
Тэгээд ч туслахууд даргынхаа дэмжлэгээр төрийн өндөр албан тушаалуудад томилогдох нь чадварлаг, ёс зүйтэй залуучуудыг төрийн албанд ажиллах боломжийг хааж байгаа нь бодит үнэн билээ.
Тиймээс эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий этгээдүүдийг төрд удирдах алба хаших, төсөл, тендэр авахыг хориглох хуулийн заалтад туслахуудыг хамааруулах саналтай байна.