
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 22-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.
Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна.
Иймд,
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.