
БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдаар Ким Жун Гү томилогдон ирсэн. Шинэ Элчин сайдыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Баасан гарагт хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэж буйг илэрхийлэв.
Элчин сайд Ким Жун Гү хоёр улсын улс төрийн итгэлцлийг бататган бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд идэвхийлэн ажиллахаа хэлжээ.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин өнгөрсөн онд манай улсад айлчлах үеэрээ “Батарей үйлдвэрлэхэд ашиглах газрын ховор элемент зэрэг Монгол Улсад элбэг байдаг байгалийн баялгийг Солонгосын дэд бүтэц, технологитой хослуулан илүү өндөр үр дүнд хүрэх боломжтой арга замыг идэвхтэй эрэлхийлэхээр боллоо” хэмээн мэдэгдсэн.