АН-ын даргаар өчигдөр Л.Гантөмөр сонгогдсон тухай мэдээлэв. Заримд нь их л бахтай байх шиг.
Тэгтэл АН-ын дарга С.Эрдэнэ гарч ирээд манай нам даргын сунгаа явуулаагүй гэв. Ийнхүү АН-д гурван дарга буюу толгой бий болоодохлоо. С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг АН-ын дарга гэж УДШ бүртгэлдээ бүртгээгүй. Одоо дахин нэг даргатай боллоо. Энэ удаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УДШ-ээс бичиг авсан гээд байгаа. Гэсэн ч тэр нь АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэхэд хангалтгүй юм.
Одоо С.Эрдэнэ ч юмуу, Х.Баттулга нь ч юмуу хурал зарлаад АН-ын даргаар томилогдлоо гээд бичиг шидэхэд л дотоод асуудлаа шийдчихээд ир гээд шүүх бичгүүдийг нь буцаана. Ингэхээр АН улсын бүртгэлд даргагүй хэвээр үлдэж байгаа юм. Өмнө нь хоёр толгойтой хоёр тийш чангаацалддаг байсан бол одоо бүр гурван тийш харахаар болж байна. Л.Гантөмөрийг биш С.Баярцогтыг АН-ын даргаар сэтэрлэх гэж аль өнгөрсөн намраас хойш зүтгэсэн нөхдүүд Ц.Элбэгдорж, С.Баяр тэргүүтнүүд ийнхүү шатлаа. Тэд зүгээр суухгүй л байх.
Харин Л.Гантөмөрийг экс мүдняк, дээр нь Увс намынхан бас Женко хүч нэмээд дарга болгосон хэмээх яриа аль хэдийн хүчээ авч. БНСУ руу эмчилгээнд явсан гэх Х.Баттулга өнгөрсөн амралтын өдөр буцан ирж даваа гаригт С.Баярцогт болон түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон УДШ-ийн ерөнхий шүүгч Ц.Ганзориг нарыг шалгуулахаар ҮХЦ-д хандаад байгаа. Ингээд бүр эцсийн бүлэгт 10 саяыг ҮБХ-ны гишүүдэд тараан байж Л.Гантөмөрийг ялууллаа гэцгээж байна.
Мөн Л.Гантөмөрийн нүүрийг арчихад араас нь Х.Баттулгын нүүр гарч ирнэ гэлцэж буй. Ийнхүү хоёр толгойтой могойн үлгэрээр ороод гурван жил болж байсан АН-д ахин нэг толгой нэмэгдэж гурван толгойтой могойн үлгэрээр хэр удаан явахыг хэлэхэд хэцүү боллоо. Хоёр толгойгоос гурав нь илүү гэж үү хэмээх хүн ч олон байна.
АН ч, эрх баригч МАН ч 200 гаруй мянган гишүүнтэй гэлцдэг. Гэтэл намыг нь ингэж хэдэн тийш чирдэг лидер хэмээгчдээ гишүүд нь аль хүртэл тэсэх юм бол доо.