Ц.Ууганбаяр: Х.Баттулга гэж хүнээс болж залуучууд битгий хохироосой, энд ирж, ярих хэрэгтэй

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордноо өнөөдөр /2023.01.19/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 59 гэрчийг дуудаад байна. Сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судлах аж. Үүнд:

  1. ТОСК-Шинэ яармаг
  2. ТОСК Хөдөлгөөнт цогцолбор
  3. НВЦ ХХК
  4. Хааны харгуй ХХК
  5. Промон трейд ХХК
  6. Вояжер минерал ресурсес ХХК
  7. Шанх майнинг ХХК
  8. Ган хүдэр орд ХХК
  9. Инжир ХХК
  10. МБҮ трейд ХХК
  11. Сэлэнгийн герефорд ХХК
  12. БМНС ХХК
  13. ТОСК ТӨҮГ

Өнөөдрийн сонсголын эхэнд “Шинэ яармаг” орон сууцны төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, гэрчийн тайлбарыг сонсов. Энэхүү төсөл нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын санаачлан хэрэгжүүлсэн төсөл.

“Шинэ яармаг” орон сууцны төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, Спорт цогцолборын зүүн урд талд 14.9 га талбайд 2,910 айл, 1,100 автомашины зогсоол, 1 сургууль, 1 цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв багтсан 3 үе шаттай хэрэгжих цогцолбор барихаар төлөвлөсөн.байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын тогтоолоор  “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-д 2015 оны тавдугаар сарын 28-нд 50 сая ам.долларыг 2024 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаатай, жилийн 8.45 хувийн хүүтэй зээл олгожээ.

Төсөл санаачлан хэрэгжүүлэгч Юнайтед Прожект Корпорейшн /UPC/ ХХК нь БНХАУ-ын EXIM банктай 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр уг төслийг 3 үе шаттай санхүүжүүлэх 195.8 сая ам долларын санхүүжилтийн гэрээг байгуулсан. EXIM банкнаас эхний ээлжийн санхүүжилтийг олгоход төсөл хэрэгжүүлэгч талд тодорхой нөхцөл шаардлага тавьж, санхүүжилтийн баталгаа, өөрөөс санхүүжүүлэх хөрөнгийг баталгаажуулах шаардлага тавигдсаны дагуу дээрх зээл олгогдсон.

Улмаар Засгийн газрын тогтоолын дагуу ТОСКТӨҮГ болон Юнайтедпрожектс групп ХХК нар 2015 оны тавдугаар сарын 4-нд  “Шинэ яармаг” орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлэх “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан.

Дээрх гэрээнүүдийг үндэслэн EXIM банкны санхүүжилт орж эхэлсэн нөхцөлд зарцуулах нөхцөлөөр Хөгжлийн банкнаас 50 сая ам долларыг ТОСК-д, ТОСК-аас төсөл хэрэгжүүлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн данс руу “Дөрвөн талт гэрээ”-г арилжааны банктай байгуулан Голомт банканд 25.0 сая ам доллар, Худалдаа хөгжлийн банканд 25.0 сая ам долларыг битүүмжлэн зээлийн санхүүжилтийг олгосон.

Гэвч EXIM банкны санхүүжилт орох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалд хүрч, зээлийн санхүүжилт байршсан данснуудын битүүмжилсэн хугацаа 2016 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөр дууссан тул Хөгжлийн банкнаас ТОСК-ийн хүсэлтийг үндэслэн ХХБ болон Голомт банканд байршсан эх үүсвэрийг буцаан татсан байна. Улмаар асуудал шүүхийн байгууллагад шилжжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны зургадугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр төсөл хэрэгжүүлэгч “НЯХП” ХХК-тай байгуулсан 57.4 тэрбум төгрөгийн Барьцааны гэрээг хүчингүйд тооцож, үндсэн барьцаа хөрөнгөгүй болсон.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр Хөгжлийн банкны нэхэмжилсэн 104.7 тэрбум төгрөгөөс 18.9 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Нью яармаг хаусингпрожект” ХХК-аас 61.2 тэрбум төгрөгийг, ТОСКТӨХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 24.6 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба ТОСКТӨХХК-ийн зарим барьцаа хөрөнгийг чөлөөлсөн.

Зээлдэгч нь 2022.03.18-ний өдөр 500,000,000.00 төгрөгтэй тэнцэхүйц доллараар төлөлт хийсэн бөгөөд бүртгэлд 498,040,874.95 төгрөгөөр орсон. Мөн 2022.оны наймдугаар сарын 5-д 1.0 тэрбум төгрөг төлснөөс Улсын тэмдэгтийн хураамж-429,251,377.00 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал – 1,500,000.00 төгрөг, нийт 430,751,377.00 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл 569,248,623.00 төгрөг нь зээлийн хүүгээс хасагдсан байна.

ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТ

БНХАУ-ын EXIM банкны санхүүжилт удааширч нэмэлт нөхцөл тавьж эхэлсэн тул UPG ХХК болон ТОСКТӨҮГ -аас хүсэлт гаргаж, МУХБ-ны ТУЗ-ийн тогтоолуудаар Худалдаа хөгжлийн банканд битүүмжилсэн 25.0 сая ам долларыг барьцаалан UPG ХХК нь 2015 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хооронд 4 удаагийн олголтоор 21.8 сая ам долларын зээлийг авч “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд зарцуулсан.

EXIM банкны санхүүжилт орох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалд хүрч, зээлийн санхүүжилт байршсан данснуудын битүүмжилсэн хугацаа 2016 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөр дууссан тул МУХБ-аас ТОСКТӨҮГ-ын хүсэлтийг үндэслэн ХХБ болон Голомт банканд байршсан эх үүсвэрийг буцаан татсан.

МУХБ нь Голомт банканд байршсан 25.0 сая ам долларыг 2 удаагийн гүйлгээгээр, ХХБ-нд байршсан 24.9 сая ам.доллараас битүүмжит данс барьцаалсан 21.8 сая ам долларын зээлийг хасаж үлдэгдэл 3.0 сая долларыг, нийт 28.0 сая ам долларыг татан төвлөрүүлж, 50.0 сая ам долларын зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 7.1 сая ам долларыг төлүүлж, үлдэгдэл төлбөрийг үндсэн зээлээс хассан. Зээлийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр 29.1 сая ам доллар болжээ.

Тус зээлийн асуудлаар тухайн үеийн удирдлага, зээлдэгч нарт холбогдуулан зээл олголтын асуудал гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор холбогдох материалуудыг бэлтгэн 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу хяналт шалгалт хийж буй аж.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар бүхий тогтоолоор “Нью яармаг хаусингпрожект” ХХК-иас ирүүлсэн дутуу гүйцэтгэлтэй 7 блок, 3 үйлчилгээний талбай, 332 ширхэг авто зогсоол, түүний доорх газар, бүрэн дууссан болон дуусгаж өгөх нөхцөлтэй 64 ш орон сууц, үйлчилгээний талбай, нийт 76 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үлдэгдэл төлбөрт тооцон банкны ӨБҮХХ-т шилжүүлэн авахаар болсон.

Дээрх тогтоолын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг МУХБ-ны нэр дээр шилжүүлэх ажил хийгдэж,”Ньюяармагхаусингпрожект”-ын 85.8 тэрбумтөгрөгийн өрөнд тооцон зээлийг хаажээ. Уг төсөлтэй холбогдуулан,  “Нью Яармаг хаусинг прожект” компанийн захирал Ц.Ууганбаяр УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.

Зээлдэгч Ц.Ууганбаяр: Х.Баттулга гэж хүнээс болж залуучууд битгий хохироосой. Х.Баттулга энд ирж, ярих хэрэгтэй, Ерөнхийлөгч, сайд байх нь хамаагүй.  Би тэр хүний зөвлөх байсан. Бид ТОСК-оос мөнгө аваагүй. ХХБ-наас зээл авсан. Зээлийн гэрээнүүд бий. Уг нь анх Хөгжлийн банк ТОСК-той хамтран ажиллах гэрээ байгуулсан юм билээ.
Би тэр гэрээг огт харж байгаагүй. ТОСК-той хамтран ажиллах болсондоо би харамсч байгаа. ТОСК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Засгийн газар солигдонгуут ТОСК-ын дарга нь, бодлого нь солигддог. Ажил явуулахад маш хүнд байсан. Манай данс руу мөнгөө шилжүүлсэн ч та энэ мөнгөнд гар хүрч, зарцуулж болохгүй гэдэг байсан. Монголд бизнес хийх маш хэцүү, бидэнд итгэдэггүй. Хөгжлийн банк маргаан үүсгэхгүй байх боломж байсан. Тухайн үеийн Хөгжлийн банкны захирал асан н.Батбаяр ямар ч шийдвэр гаргаагүй. Бид Хөгжлийн банкнаас зээл аваагүй атлаа яагаад холбогдов гэхээр энэ банк ТОСК-ийг Иргэний шүүхэд өгсөн. Биднийг хамтран зээлдэгчээр татсан. ХХБ-ны төлөөлөл ч энд байх ёстой. Мөн бид зээлээ төлсөн гэдгийг онцолмоор байна. Төлсөн компаниудаа ч зарлах ёстой. Төлөөгүй гээд л зарлаад байдаг. Н.Мандуул захирал ч энд ирэх  ёстой, яагаад зөьхөн хэлтсийн захирлууд нь энд сууж байдаг юм бэ?

Манай компанид нийт 220 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсны 20 орчим тэрбум төгрөгийг ХХБ-наас авсан. Бид олон улсын компаниар аудит хийлгэдэг. Хэдэн жилийн өмнө буюу НӨАТ нэвтрүүлээгүй байхад бид хувь хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлж, үйлчилгээ авдаг байсан. Манай компани дандаа төгрөгөөр зарлага гаргадаг, ам.доллараар зардал гарсан удаагүй. Зээлийг 100 хувь зориулалтын дагуу зарцуулсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Газрын асуудлаар гадаад иргэнтэй харилцаанд ороогүй. Хоёр монгол иргэнээс газар авсан. Би энэ төсөл анх санаа байхад нь л хамтран ажилласан. Одоо энэ компанид П.Цагаан бид хоёр хувь эзэмшдэг. Би тодорхой хувь оруулсан. Миний эзэмшлийн газар дээр барилга барьсан, би ч мөн хөрөнгө оруулалт хийсэн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Татвар төлөгчдийн мөнгө яригдаж байгаа тул бид энэ сонсголыг хийж байна. Хэн нэгний  гэм буруутай эсэхийг тогтоох нь бидний зорилго биш. Хяналтын сонсгол зохион байгуулах эрх өмнөх парламентад ч байсан. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу бид сонсгол явуулж байна. УИХ-аас томилсон түр хороо энэ оны дөрөвдүгээр сар хүртэл ажиллана. Энд үг хэлсэн хүмүүсийн үг баримт болж үлдэнэ”.

Хөгжлийн банкны захиргаа удирдлагын газрын захирал н.Мөрөн “Бид зээлээ төлсөн ААН-үүдийг зарлан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай мэдээнээс иш татан, цааш дамжуулдаг.  Тус компани Хөгжлийн банканд өглөгтэй гэдгийг Дээд шүүхээс баталсан. “Шинэ Яармаг” бүтээн байгуулалтыг явуулахдаа ТОСК Хөгжлийн банкнаас зээл авсан. “Шинэ Яармаг” төсөл Хөгжлийн банкийг мөн шүүхэд өгч, бид гурван шатны шүүхэд маргасан. Шүүх хэдийгээр Хөгжлийн банкнаас зээлийн гэрээ байгуулаагүй ч төсөл хэрэгжүүлэгч мөн. ТОСК дамжуулан зээлдүүлжээ. Иймд тус компани зээлээ төлөх ёстой гэж шийдсэн”.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “100 сая төгрөгийн барьцаа хөрөнгө тавиад банкнаас 20-30 сая төгрөгийн зээл авдаг шүү дээ. Харин та газраа барьцаалжээ. Танай компани Хөгжлийн банкны зээлийн шалгуурыг хангаж байсан юм уу?”.

Зээлдэгч Ц.Ууганбаяр “Бид MCS, АПУ, Шунхлай шиг том компани биш. Гэхдээ бидэнд жишиг болохуйц орон сууцны хотхон барих мөрөөдөл л байсан. Үүнийгээ ч хэрэгжүүлсэн. Зээлийн шаардлага хангах, эсэхийг банк л мэднэ”.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Та бүхэн зээл авахдаа улс төрийн нөлөө бүхий хүний дэмжлэг авсан уу?”.

Зээлдэгч Ц.Ууганбаяр “Аваагүй, нөлөө байгаагүй. Тухайн үед бүгд л төслөө бариад Хөгжлийн банк руу явдаг байсан шүү дээ. Арилжааны банкнаас өөр нөхцөлтэй байсан. Би Хөгжлийн банкны 5 захиралтай хамтран ажиллаж байна. Тус банк руу албан бичиг явуулаад нэг ч удаа хариу авч байгаагүй. Одоогийн удирдлагууд л хурдан хариу өгч байна. Яагаад өнөөдөр ийм олон ААН энд сонсголд сууж байна гэхээр дандаа ААН-үүд буруутай биш шүү. Хөгжлийн банкны захирлууд дандаа улстөрчдийн томилгооны хүмүүс байдаг, шийдвэрээ удаан гаргадаг. Дараагийн захирал томилогдоход өөр шийдвэр гарч ирсэн” хэмээлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn