
АН-ын даргад нэр дэвшигчид өчигдөр орой үнэмлэхээ авсан. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар тус намын даргад өрсөлдөх аж. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар гардуулж өгсөн.
Ингэснээр АН-ын даргын сонгууль албан ёсоор эхэлж байгааг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдэгдлээ.
АН өнөөдөр Үндэсний Бодлогын Хорооны ээлжит бус хурал болон Их хурлаа хийнэ. ҮБХ-ны хуралд 300 гаруй, Их хуралд 1,200 гишүүн оролцох аж. ҮБХ-ны хурлаас хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Их хурлаараа батламжилж, намын даргын нэрийг Дээд шүүхэд хүргүүлж бүртгүүлэх гэнэ.
Гэвч тэдний энэ хурал Х.Баттулгын, С.Эрдэнийн сэтгэлд таарахгүй байгаа. БНСУ руу эмчилгээнд явсан гэх Х.Баттулга өнгөрсөн амралтын өдөр буцан ирж даваа гаригт С.Баярцогт болон түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон УДШ-ийн ерөнхий шүүгч Ц.Ганзориг нарыг шалгуулахаар ҮХЦ-д хандаад байгаа.
Энэ сацуу Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан хүмүүс буюу Ц.Элбэгдорж, С.Баяр нар С.Баярцогтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэднийг АН-ын генсек асан Л.Эрхэмбаяр эсэргүүцэж байгаагаа бас сошиалаар илэрхийлээд буй.
С.Баярцогт болон Л.Гантөмөр нарын хооронд гол тэмцэл болж хор найруулж сурснаараа С.Баярцогт АН-ын дарга гэгдэх юм гэсэн. Гэхдээ АН-ын хүчинтэй тамга С.Эрдэнэд, гишүүдийнх нь олонх Х.Баттулгыг дэмжиж байгаа учир С.Баярцогтыг АН-ын дарга болох боломжгүй гэж үзэх хүн цөөнгүй байна.
С.Баярцогтыг АН-ын гишүүд, дэмжигчдийн олонхи мөн ард түмэн ч хүлээж авахгүй гэж тэд үзэж байгаа юм. Оффшор гэдэгт аваачиж мөнгө угааснаас эхлээд түүний хийсэн буртагтай асуудал их гэлцэнэ. Тэр оффшорт бүртгүүлэхдээ өөрийгөө хятадын монгол гэсэн гэдэг нь ч том асуудал.
С.Баярцогт МСДН буюу соцдек угшилтай Алтангадаст харьялагдаж монголын улстөрийг өнөөдрийн байдалд хүргэлцсэн “гавьяа”-тай нэгэн. Харьцангуй залуу ч хуучны хүмүүсийн нэг болох түүнийг гурван шатны шүүхээр 10 жилийн ял авчихаад цагаадахдаа хуульд байдаггүй үндэслэлээр цагаадсан хэмээн Х.Баттулга нар үзэж буй. Тиймээс л С.Баярцогтыг дэмжлээ ч түүний АН-ын дарга гэсэн статус хэр удахыг хэлэхэд хэцүү юм.
Л.Гантөмөрийн хувьд хэдий залуу хүн ч түүний нүүрийг арчихад араас нь Х.Баттулгын нүүр гарч ирнэ гэлцэж буй. МҮДН угшилтай түүний хувьд ах нартайгаа хаяа бараандаа явж ирсэн ч АН-ын жирийн гишүүдээс дэмжлэг хүлээх боломж тааруу.
С.Одонтуяа, З.Нарантуяа нарын хувьд ч АН-ыг нэгтгээд зөв аваад явчихна гэдэгт итгэх хүн итгэхгүйгээсээ хамаагүй олон байгаа. Энэ удаагийн С.Баярцогт нарын АН-ын дарга болох амбиц ямар хад мөргөж таг зогсохыг хэлэхэд хэцүү. Гэхдээ С.Эрдэнэ, Х.Баттулга нар хэмээх нэр бүхий улстөрчдийг эсэхүл УДШ, намынх нь жирийн гишүүд нь дэмжихгүй гээд олон асуудал бий.