Х.Нямбаатар: Х.Баттулгыг яллагдагчаар татсан нь үнэн

2023-01-18

АТГ-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар нэр холбогдсон 17 хүний нэрсийг зарласан. Харин Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол гарсныг мэдээлсэн.

Нэр холбогдсон бусад хүмүүсийг яллагдагчаар татсан эсэхийг Хууль зүйн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.

Х.Нямбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгыг яллагдагчаар татагдсан талаарх мэдээллийг авсан. Бусад хүмүүсийн тухайд мэдээлэл алга байна. Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог эрх бүхий субъект биш учраас энэ мэдээллийг прокурорын байгууллагаас зорьж авах хэрэгтэй. Одоо хэдүүлээ хуулийн байгууллагынхны ажлыг хийлгэх хэрэгтэй байна. Нийгэмд төрийн өмчит компаниудын засаглал буруу байгааг ойлгуулж чадлаа” гэсэн юм.

Нүүрсний хэргээр шалгагдан, яллагдагчаар татагдаад буй Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч амралтын өдөр БНСУ-аас ирж, АН-ын асуудлаар дуугарч С.Баярцогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Ганзоригийн хамт ҮХЦ-д шалгуулахаар материал аваачиж өгөөд байгаа билээ.

Холбоотой мэдээ