Н.Учрал: Би өөрөө долоон хүүхэдтэй болчихоод байгаа

2023-01-17

Хүүхдээ сар бүр 100,000 төгрөг авах эсэхийг өчигдрөөс эхлэн айл өрхүүд e-Mongolia.mn болон ehalamj.mn-ээр шалгаж эхэлсэн.

Ингэхэд ам бүлийн тоо болон эд хөрөнгийн мэдээлэл зөрүүтэй байна гэх иргэдийн шүүмжлэл цахим орчинд гарсаар байна. Энэ асуудал УИХ-ын гишүүнд ч мөн тохиолджээ.

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) хариуцдаг Өрхийн мэдээллийн сан гэж бий. Энэ нь хаяг дээр суурилдаг. Үүнийг баг, хорооны Засаг дарга нар мэдээллээ явуулаад, байнга шинэчилж байдаг.

Хаяг шилжсэн тохиолдолд иргэд биеэрээ очиж шилждэг. Үл хөдлөх хөрөнгө шилжүүлж байгаа бол мөн биеэрээ очиж шилжүүлнэ. Учир нь иргэний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлэх эрх төрд байхгүй.

Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилж байгаа учраас, жишээлбэл, би Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байгаад 26 дугаар хороонд одоо амьдарч байгаа. Гэхдээ бүртгэл дээр очиж, хаягаа шилжүүлээгүйгээс болоод миний өмнөх хаяг дээр одоо амьдарч буй хүний хүүхдүүд над дээр нэмэгдэн, би долоон хүүхэдтэй болчхоод байж байгаа.

Мэдээллийг боловсруулахдаа хэн нэгэн этгээд биш, Үндэсний Статистикийн Хороон дээр Өрхийн мэдээллийн сан дээрээ суурилаад орлогын түвшнийг тодорхойлохын тулд 11 хувьсагчтай томьёо хийгээд, ард нь мэдээлэл хариуцагчид буюу нийгмийн даатгал, татвар, бүртгэл зэрэг нь мэдээлэлдээ интеграц хийн холбож, түүнийг e-Mongolia.mn-ээр дамжуулан хүргэж байгаа ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ