“Төрийн мэдээлэл зөрүүтэй, иргэн хаягаа шилжүүлээгүй, машинаа зарсан ч шилжүүлээгүйн улмаас асуудал үүсэж байна”

Хүүхдийн мөнгийг олгохдоо Тайланд, Бразилд хэрэглэдэг орлогыг орлуулан тооцох аргачлалыг хэрэглэж, төрийн 10 байгууллага хамтран тодорхойлжээ.

Мэдээлэл нь зөрүүтэй, алдаатай байгаа иргэд баг, хорооныхоо ЗДТГ, АТҮТ, УБЕГ зэрэгт хандан мэдээллээ шинэчлүүлэх боломжтой гэв. Мэдээллээ шинэчлүүлсний дараа өрхийн орлогын үнэлгээг дахин хийж, хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэлээ.

ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр: Өрхийн амьжиргааг үнэлж байгаад нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон. Монгол Улс анх удаа төрд байгаа мэдээллийг ашигласан тохиолдол. Төрд байгаа мэдээлэл зөрүүтэй, иргэн хаягаа шилжүүлээгүй, хүн машинаа зарсан ч шилжүүлээгүй асуудлаас болж өнөөдөр ийм асуудал үүсэж байна. Иргэн, төр хоёр хамтарч мэдээллээ засварлах хэрэгтэй байна. Та үүнийг ойлгох ёстой. Төрд байгаа мэдээллээ анх удаа нэгтгэж ийм юм хийж байгаа юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Миний мэдээлэл зөрүүтэй байгаа гэж үзэж байгаа бол мэдээллээ засуулах бүрэн боломжтой. Ам бүлийн хувьд зөрүүтэй бол баг, хорооныхоо ЗДТГ очиж өрхийнхөө мэдээллийг шинэчлүүлэх боломжтой.

Төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй. Иргэдтэйгээ нийлээд мэдээллээ зөв болгоно, өрхийн орлогоо тооцож олгоно, үүний дараа хүүхдийн мөнгийг нөхөж авах боломжтой. Санаа зоволтгүйгээр мэдээллээ засуулахыг хүсэж байна.

-Хоёр хүүхэдтэй хүнийг дөрвөн хүүхэдтэй болгочихсон байхад төрд байгаа мэдээллээр иргэдэд хүндрэл учруулахгүйгээр засаж болохгүй юу?

-Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн: Төрд байгаа мэдээлэлд үндэслэж тооцоо хийгдсэн. Өгөгдөл маань байнгын хөдөлгөөнд оршиж байгаа, шилжилт хөдөлгөөн хийгдэж, төрөлт, нас баралт хийгдэж байгаа. Мэдээллийн шинэчлэлийг чанартай, богино хугацаанд хийх зайлшгүй шаардлагатай байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn