Х.Нямбаатар “Төмөр замын нэр бүхий албан тушаалтантай холбоотой эрүүгийн хэргийн тухайд хялбаршуулсан журмаар шийдэх эрх зүйн боломж үндсэндээ байхгүй. Хэдийд үйлдэгдээд, дуусгавар болсон бэ гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоно. Гэмт хэргийн олонлог гэсэн ойлголт байдаг.
Үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг, удааширсан үйлдэлтэй гэмт хэрэг, давтан гэмт хэрэг, нийлмэл гэмт хэрэг, нэгдмэл гэмт хэрэг гэсэн хэлбэрүүд байдаг. Иргэн Б-тэй холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь гэмт хэргийн олонлогийн аль хэлбэрт орохыг мөрдөн шалгах байгууллага тогтоох байх. Тухайн хэргийг үйлдэж, дууссан өдөр аль хууль хүчин төгөлдөр байснаас хамаарч, тэр хуульд нь хамаатуулан зүйлчилнэ. Эрүүгийн хууль бол буцаан хэрэглэх тухай ойлголттой. Процессын хэм, хэмжээний тухайд буцаж хэрэглэгдэх ойлголт байхгүй.
Мөрдөх байгууллага тодорхой зүйл ангиар эрүүгийн хэрэг хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад, шалгаж байгаа. Тодруулан хэлбэл, энэ хэргийг анх илрүүлсэн байгууллага нь цагдаагийн байгууллага. Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвар төлөхөөс зайлсхийх гэсэн гурван зүйл ангиар шалгасан.
Тухайн үйлдлийг газар дээр нь илрүүлээд, прокурорын байгууллагад ялагдагчаар татах саналаа оруулсан. Энэ үйлдэл дууссаны дараа даваа гарагт АТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулаад, нэмж ял сонсгож, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига албан тушаалын хэргүүдээр давхар зүйлчилсэн” гэлээ.