
БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, тээвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулснаар ирэх долоо хоног гэхэд агаарын чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэв.
Тэрбээр “Сайжруулсан түлшийг хяналттай хэрэглэх, айлын зуух, пийшингийн засвар үйлчилгээг хийж ирсэн. Айлуудын зуух, яндангийн засвар үйлчилгээг өнгөрөгч намар хийж хэрэгжүүлээгүй байгааг нөхөж хийнэ.
Үйлдвэр дээрх 24 цагийн хяналтын тогтолцоо зогссон байсныг өнгөрөгч даваа гарагаас эхлүүлсэн.
Мөн түлшний чанарт тавигдах өдөр тутмын хяналтыг сайжруулах хэрэгтэй. Орц, жорны норм алдагдах, техник төхөөрөмжийн асуудал, тээвэрлэлтийн үед гарах бутрах зэрэг гурван хүчин зүйлээс болж чанарт асуудал гардаг. Агаарын бохирдлыг 2019 оны түвшинд барих зайлшгүй шаардлагатай. Хийх ёстой бүх зүйлсийг хийх ёстой. Яндангаа хөөлж, зуух пийшингээ засаж, тээвэрлэлтийн үед гарах бутралтыг багасгах ёстой.
Мэргэжлийн хяналтаас таван баг ажиллаж байна. Хяналт сайжраад ирэхээр ирэх долоо хоног гэхэд үр дүн нь мэдэгдэхүйц харагдана. Ирэх долоо хоногт эрс хүйтрэх үед мэдэгдэнэ” гэлээ.