БНХАУ-ын боомтууд хэвийн ажиллаж эхэллээ

2023-01-09
Хятад улс ковидын халдвар хамгааллын ажлыг Б ангиллын Б зэрэглэл болгон бууруулсан нэгдүгээр сарын 8-ны өдөр тус улсын боомтууд зорчигчдыг нэвтрүүлэх, ачааны гаалийн бүрдүүлэлтийг хийх ажлыг сэргээв. Цаашид үе шаттайгаар өргөжүүлэх гэнэ.
Манжуур, Эрээн, Хоргос, Мохань, Хэкөү, Суй фэнь Хэ, Хүньчүнь зэрэг авто замын долоон боомт зорчигч тээврийн үйл ажиллагаагаа нэгэнт сэргээжээ.

8-ны өдрийн 8 цагт Хятад-Оросын олон улсын зорчигч тээврийн автобус ажиллаж эхлэн, хилээр орсон 16, гарсан 8 зорчигч бүгд гаалиар саадгүй нэвтрэн, Хятад, Оросын хоорондох хамгийн том эх газрын боомт болох Манжуур-Забайкальскийн автозамын зорчигч тээврийн үйл ажиллагаа албан ёсоор сэргэлээ.

Мөн өглөө Эрээн хотын боомтоор Монголоос 300 гаруй зорчигч орж иржээ. Монголд удаан хугацаагаар ажиллаж, сурч байсан хятад иргэд, мөн Эрээн хотод бизнесийн ажлаар  зорчиж буй монгол худалдаачид, жуулчид байжээ.

Эрээн хотын Худалдааны товчооны орлогч дарга Ли Жиньжун, “Эрээний боомт зөвхөн чингэлэгт ачаа нэвтрүүлдэг байснаасаа ердийн ачааны машин орж гарах горимд шилжиж, монгол жолооч нар ч Хятадад хэвийн нэвтрэх эрх нээгдлээ. Энэ нь тээвэр зохион байгуулалтад эерэг үүрэг гүйцэтгэх болно” гэжээ.

Ли Жиньжун, “Манай боомтын зорчигч тээврийн хүчин чадал аажмаар нэмэгдэж, Хятадын цагаан сарын дараа хэвийн хэмжээнд хүрч, өдөр бүр 7000 орчим хүн орж, гарах боломжтой байх төлөвтэй байна” гэжээ.

Холбоотой мэдээ