
С.Батдөлийг цагдан хорихоор шийдвэрлэсэн талаар…
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга ажилтай С.Батдөлийг яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 10 минутын үед ирүүлсэн.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн прокурор М.Энхбаатар, яллагдагч С.Батдөл түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан хянан хэлэлцээд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан / Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт байгаа бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана / гэснийг үндэслэн С.Батдөлийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.
С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд,
Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7,300,000,000 төгрөгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байна.
С.Батдөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Татвараас зайлсхийх/ мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Яллагдагч С.Батдөлийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан тухай баримт прокурорын санал болон хавтаст хэрэгт байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч прокуророос энэ талаар тодруулахад сэжигтнээр баривчлагдаагүй гэсэн тайлбарыг гаргасан байна.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР