Л.Оюун-Эрдэнэ: Авлигаар хөлжсөн, өндөр хэрэглээтэй төрийн албан хаагчдад хяналт тавьж, нийтэд зарлана

2023-01-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдох сайд нарыг УИХ-д танилцуулсны дараа дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Төрийн албан хаагчдын цалинг өндөр болгоно. Хэт өндөр хэрэглээтэй орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчидтай тэмцэнэ. Удахгүй Засгийн газар шийдвэр гаргаж, тодорхой хугацаа өгнө. Энэ хугацааны дараа авлигаар хөлжсөн хэт өндөр хэрэглээтэй байгаа төрийн албан хаагчдад хяналт тавина. Нийтэд зарлана. Ялангуяа газартай холбоотой асуудлыг ил болгон зарлаж, цахимжуулна.

Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагаа одоо болиорой. Бүгдийг нь зарлана гэж бодож байгаа. Энэ асуудлуудыг цэгцэлнэ.

Удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаад УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийг хамтдаа хэлэлцэнэ. Дэмжиж баталж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Энэ бүхэн төрийн албан хаагчдын цалинг нэмэх шатлалын зарчим болж очих ёстой. Ингээд бүх юм цэгцэрнэ гэж бодож байгаа.

Өнгөрсөн хугацаанд гарсан алдааг хэн нэгэнтэй наах нь чухал биш. Цоо шинэ 30 жилийг эхлүүлэх нь л бидний хамгийн чухал зүйл шүү” гэв.

Холбоотой мэдээ