Шахмал түлшний үйлдвэрийн дарга асан, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Ганбаатар БОАЖЯ-ны дэд сайд боллоо
НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Өмчийн газрын дарга асан М.Ганбаатар У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “Тавантолгой түлш” ХХК-ийн захиралаар томилогдсон. Түлштэй холбоотой гомдол санал тасрахгүй, хэл ам ихтэй байсан учраас түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж байв. Дараа нь тэрбээр Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга болсон юм. Түүнийг 2024 оны сонгуульд нэр дэвших сонирхолтой нэгэн гэлцдэг.
С.Энхболд ЭМ-ийн сайдын суудлаа дэд сайдынхаар сольж тушаал буув
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дан дээлтэй, мэргэжлийн сайд нарын нэг нь С.Энхболд. Түүний хувьд Улсын II-р эмнэлгийн даргаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдаар томилогдсон бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтэц солигдоход түүнийг өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байсан ч хэсэг хугацаанд суудалдаа үлдсэн. Түүнийг Ерөнхий сайдтай найз нөхдийн харилцаатай гэдэг. Ээ удаад түүнийг сайдынх нь суудлаас “буулгасан” ч, яамны ажлыг мэддэг, мэргэжлийн гэж үзэж дэд сайдаар томилох шийдвэрийг өнөөдөр гаргалаа. С.Энхболд нь Анагаах ухааны магистр, Хүний их эмч мэргэжилтэй. 2007-2019 он Улсын нэгдүгээр төв эмнэлэгт (УНТЭ) Дүрс оношилгооны төвийн дарга, 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн (УХТЭ) захирлаар тус тус ажиллаж байгаад сайдын албанд томилогдсон нэгэн.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийг яам сэлгүүлэн томиллоо
БОАЖ-ын дэд сайдаар “Торгон зам”-ын гэгдэх Т.Гантөмөрийн хүү Г.Түвдэндорж 2022 оны нэгдүгээр сард томилогдож байлаа. Түүнээс өмнө Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байв. Олон Улсын худалдаа, эдийн засагч, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлагаар төгссөн түүнийг тус яамны дэд сайдаар очиход нь олон хүн гайхаж байсан ч мөн л ирэх сонгуульд өрсөлдөх хүмүүсийн тоонд багтаж байгаа учраас ийн дэд сайдаар томилогдсон гэлцсэн. Засгийн газар энэ удаа түүнийг Эдийн засгийн хөгжлийн яаманд дэд сайдаар томилов. Г.Түвдэндорж 1998-2002 он, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 он, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага, 2007-2016 он, хувийн хэвшилд ажилласан. 2017-2018 он, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 он, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2022 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд, Улсад 14 жил ажиллажээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Зөвлөх Ж.Эрхэмбаатар Цахим хөгжлийн яамны дэд сайд боллоо
Ж.Эрхэмбаатар хуульч нь 2020 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж явсан нэгэн. Тэрбээр АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх салбарыг хуулийн чиглэлээр төгссөн. Сонгуулийн дараагаас МАН-д орж, өнгөрсөн оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдож байв. Гэвч шинэ хууль гарч, дэд дарга нар байхгүй болсон учраас тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад ийн дэд сайдаар “дэвшлээ”.
МАХН-ын квотоор О.Цэндсүрэн УУХҮ-ийн дэд сайд болов
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хийгдсэн бас нэг дэд сайдын томилгоо нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Цэндсүрэнг томилов. Түүний талаар тодорхой мэдээлэл байхгүй ч өмнө нь МАХН-ын гишүүн байсан бөгөөд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байжээ. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар томилгоо хийхдээ МАХН-ын квот хэмээн О.Цэндсүрэнг томилсон байна. Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүн гэж түүнийг томилжээ.