“УБТЗ” ХНН-ээс БНХАУ хилээ нээж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа хангаж байна

Энэ сарын сарын 8-нд БНХАУ хилээ нээж, Замын-Үүд – Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэхээр болсон. Эхний ээлжинд тус боомтын авто замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр тохирсон. Тэгвэл тус чиглэлд зорчигчийн галт тэргийг хэзээнээс аялуулж эхлэх талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулав.

– Эрээн, Хөх хот, Бээжингийн зорчигчийн галт тэрэг хэзээнээс явж эхлэх вэ?

– БНХАУ энэ сарын 8-ны өдрөөс хилээ нээж, Замын-Үүд – Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлж байгаатай холбоотойгоор бүх бэлтгэл ажлаа УБТЗ хангаж байна. Гэхдээ Эрээн, Хөх хот, Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэг яг хэзээнээс аялж эхлэх асуудал одоогоор тодорхой бус байна. Энэ асуудлыг Хятадын төмөр замтай зөвшилцөж, албан ёсны хариу ирсний дараа шийднэ.

– Замын-Үүд – Эрээн боомтын хилээр авто тээврийн хэрэгслээр манай улсын иргэд БНХАУ руу нэвтрэх асуудал тодорхой болсон. Үүнтэй холбоотойгоор нэмэлтээр Улаанбаатар-Замын-Үүдийн галт тэргийг аялуулах уу?

– Ковид цар тахлын халдварын улмаас Замын-Үүд – Эрээн боомтын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг хорьсонтой холбоотойгоор  Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн урсгал эрс багассан тул Улаанбаатар-Замын-Үүдийн 276-р галт тэргийг зогсоож, Улаанбаатар-Сайншандын 286-р галт тэрэгтэй нэгтгэн Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүдийн 296-р галт тэргийг аялуулж байгаа. БНХАУ хилээ нээж байгаатай холбоотойгоор зорчигч тээврийн урсгал нэмэгдвэл  Улаанбаатар-Замын-Үүдийн 276-р галт тэргийг дахин аялуулах болно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn