
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат шүүмжлэл хэллээ. Тэрбээр “Шинэ жилийн анхны хуралдааны мэндийг хүргэе. УИХ маань өнөөдөр ямар хөл дээрээ боссон юм болоо гэж иргэд харж байгаа байх. Өнөөдөр Монголбанкны албан ханшийг харлаа. Доллар 3450.52 төгрөг байна. Юань 500.72 төгрөгтэй тэнцэж байна. Удахгүй Хятад хилээ нээлээ. 2020 онд юань 400 хүрэхгүй байлаа.
МАН 65 суудалтай болохоос өмнө юань 200 гарантай байлаа. Нэг доллар тэгэхэд 17 боодол 1 төгрөгтэй тэнцэж байлаа. Иргэдтэйгээ сая уулзлаа. Шинэ жилээр өр чөлөөлж, нүүрсний хулгайн мөнгө орж ирэх байх гэсэн хүлээлттэй байжээ. Төрийн өндөрлөгүүд юу ч дуугарсангүй. Бөхийн өргөөнд орилж байлаа. Энэ ажлыг УИХ хийж байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг маш буруу хийлээ. Үүнд оройлсон О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Т.Доржханд нар Ардын намд хуулийг нь баталж өгсөн. Та нөхдийг хийсэн ажил ямар ч үр дүнгүй болчихлоо. Сандар ширээний хууль баталж болохгүй. Давжаа парламентад олон давхар дээлтэн боллоо. Засгийн газар УИХ-ын толгой дээр гараад ирлээ. Сөрөг хүчин ч гэж байхгүй. Кноп наймаалцдаг боллоо. Сонгуулиуд хууль дүрмийн дагуу болсон ч хар машин баталгаагүй байсан шүү гэж ярьж байна.
Үймээн самуун дэгдээхгүйн тул анхаарал болгоомжтой ажиллах хэрэгтэй. Эздээ өмөөрсөн, хулгайг даамжруулсан ажил хийх гээд байна. Ардын намын “Гарзгүй тав” жинхэнэ хулгайг илрүүлнэ л гэсэн. Нэгдүгээр сарын 1-нээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хууль хэрэгжсэн. Манай Ардчилсан намын дээрээс сонгогдсон гишүүдээс эхлээд гишүүнээсээ татгалзаад сайн дураараа шалгуулмаар байна. Бусад улс оронд ингээд байна” гэлээ.