365 сумыг 79, 21 аймгийг 5  болгож цөөлөх санал гаргав

2023-01-05

“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын салбар 3, 4 дүгээр хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд  (2023.01.04) үргэлжиллээ.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор М.Алтанбагана “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт” гэсэн сэдвээр илтгэл тавьсан тул салбар хуралдаан-3 дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хуралдааныг эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун даргалж, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Нарантулга, Нийслэлийн бодлогын шинжилгээ, судалгааны төвийн захирал, доктор М.Буяндэлгэр нар чиглүүлэгчээр ажилласан юм.

Салбар хуралдаанд оролцогч эрдэмтэн, судлаачид сэдвийн хүрээнд үг хэлж, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, орон зайн шинэ төлөвлөлтийн талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Нийслэлийн бодлогын шинжилгээ, судалгааны төвийн захирал М.Буяндэлгэр нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийг хөгжүүлэх талаар товч танилцуулга хийж, санал хэлэв. Тус төвөөс гэр хорооллын иргэд дэх нийтийн тээврийн хүртээмжийн талаар судалгаа хийсэн бөгөөд энэ хүрээнд нийтийн тээврийн 16 чиглэлийн 117 км-т автобусны шинэ чиглэлийг бий болгох, богино зайн эргэлтээр дунд, бага оврын автобус явуулах, давхардсан чиглэлүүдийг цөөлөх, дамжин суухад автобусны картын хугацааг уртасгах, гэр хорооллын дундуур зам тавих, тойрог замуудыг байгуулах, төвлөрлийг сааруулахын тулд нийслэлийн хот орчмын суурин газруудыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай талаар санал хэлж байлаа.

Мөн Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Нарантулга, Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, дагуул хотуудыг бий болгож хөгжүүлэх, бүс нутгийг тэнцвэртэй хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, иргэдийг орон нутагт шилжин суурьшихад нь дэмжлэг үзүүлэн санхүүгийн хөшүүрэг хэрэглэх, шилжин ирэгсдийг ялгаварлан гадуурхахгүй байх эерэг хандлагыг бий болгох нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Эрдэмтэн, судлаачид төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах асуудалд нийгэм,  хууль эрх зүй, эдийн засгийн талаас нь хөндөхдөө Хархорин хот байгуулах санал, санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ нийслэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, цаашлаад засаг захиргааны хувьд 365 сумыг 79, 21 аймгийг 5  болгож цөөлөх, ингэснээр төсвийн зарцуулалт оновчтой болж, иргэд, аж ахуйн нэгж бизнесээ өргөжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлэхэд томоохон түлхэц болно гэж байв. Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудалд нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчныг сайжруулах, нийслэлийн хот орчмын суурьшлын бүс болон хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд уламжлалт мал аж ахуйгаас гадна технологи болон бусад салбаруудын үйлдвэрлэлийг хөгжүүлж, залуучуудын ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахтай холбоотой нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Дараа нь “Баялгийн сан:Шударга хүртээмжтэй хуваарилалт” сэдвийн хүрээнд салбар хуралдаан-4 үргэлжлэв. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор Б.Отгонтөгс дээрх сэдвээр илтгэл тавьсан тул энэ хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Уг салбар хуралдааныг Хөдөө аж ахуйн Эдийн засаг, инновацийн хөгжлийн төвийн захирал, шинжлэх ухааны доктор, академич А.Бакей даргалж, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, судлаач, доктор М.Найданхүү нар чиглүүлэгчээр ажиллав.

Хэлэлцүүлгийг чиглүүлэгчид үндэсний баялгийн сангийн бодлого, засаглал, эрх зүйн орчин болон баялгийн сан байгуулсан бусад орны сайн туршлагын талаар хөндөж, хуралдаанд оролцогчдод товч мэдээлэл хүргэсэн.

Салбар хуралдаанд оролцогч эрдэмтэн, судлаачид баялгийн сангийн засаглал, менежментийг боловсронгуй болгох, байгалийн баялаг ашиглалтын бодлого, эрх зүйн орчинг сайжруулж, хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний баялгийн санг хэрхэн олон нийтэд тэгш, хүртээмжтэй хуваарилах талаар тодорхой саналуудыг хэлэв.

Мөн баялгийн сангийн талаарх үзэл баримтлалаа нэгтгэж үндэсний зөвшилцөлд хүрэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан баялгийн сангийн талаарх заалтын хэрэгжилтийг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг яаралтай  боловсруулж, хэлэлцүүлэн батлах, эрдэс баялгийн сан, улсын төсөв хоорондын ялгааг холбогдох хуулиудад тодорхой тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн иргэдэд баялгийн сангаас хүртээх цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, сургалтын төлбөр зэрэг халамжийн шинжтэй асуудлыг тодорхой хугацаатайгаар банкаар дамжуулж хадгаламж хэлбэрээр олгох зохицуулалт байдгийг санал болгож байлаа.

Үүгээр салбар хуралдаанууд өндөрлөж, санал, дүгнэлтүүдээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ