Ковидын хуулиар томилогдсон 7 ТНБД, 11 агентлагийн даргыг энэ долоо хоногт чөлөөлнө

2023-01-03
Цар тахлын хууль өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болж, уг хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон долоон Төрийн нарийн бичгийн даргыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх гэнэ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр “Одоогийн байдлаар долоон төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Засгийн газрын томилгоотой байгаа. Гэхдээ энэ нь түр томилгоо. Цар тахлын хуулиар түр томилгоотой бол нэгдүгээрт чөлөөлөгдөнө, хоёрдугаарт төрийн албаны шалгалтдаа тэнцсэн, ажлын байрны шаардлага хангаж буй бол эргэн ажиллах боломжтой” гэх мэдээлэл өгсөн.

ТАЗ-ийн Ажлын албаны дарга Г.Билгүүн энэ талаар “Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 1-ны байдлаар төрийн жинхэнэ албанд цар тахлын  хуулийн 3.2-ийг үндэслэж 1609 иргэн томилогдож, одоогоор ажиллаж байна. Нэгэнт хуулийн хугацаа дууссан учраас салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын захиалгаа ирүүлж, сонгон шалгаруулалт явагдах ёстой. Одоо ажиллаж буй албан тушаалд бусад иргэдийн хувьд ч боломжтой. Төрийн албаны ерөнхий шалгалтаа өгсөн ямар ч Монгол Улсын иргэн эдгээр албан тушаалд өрсөлдөх боломжтой болно” гэлээ.

Холбоотой мэдээ