Д.Амарбаясгалан: Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс төрд шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Д.Амарбаясгалан “Онцгой дэглэм тогтоож, улс орны нийгэм, эдийн засагт шууд нөлөө үзүүлж байгаа хэсэгт Засгийн газар эрхээ хэрэгжүүлэн ажилладаг 1991 оны хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Улмаар онцгой дэглэм тогтоодог бүрэн эрхийг УИХ-д шилжүүлье гэдэг саналыг Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс намын бүлэгт тавьсан. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан, эрх зүйн орчныг шинэчлэх, цаашдаа улс орны нийгэм, эдийн засагт онцгой үр нөлөө үзүүлж байгаа салбарт дэглэм тогтоохтой холбоотой асуудал зөвхөн УИХ-ын эрх мэдэлд байдаг болгох шийдэл рүү чиглэж байна” гэв.

Мөн оны өмнөхөн болсон жагсаалтай холбоотойгоор “Жагсаалын үеэр хэд хэдэн асуудал хөндөгдөж байсан. Нүүрсний хулгайн асуудлыг шийдвэрлэх, жинхэнэ хулгайч нарыг ил болгож, хуулийн хариуцлага тооцохыг удаа дараа шаардаж байсан. Үүний хажуугаар иргэдийн зүгээс шүүхийн ил тод байдлыг хангаж өгөхийг хүссэн. Тэгвэл бүлэг дээр энэ асуудлыг ярьж, шүүхийн ил тод байдлыг бүрэн хангах чиглэлээр хандах үүргийг өгсөн.

Шүүхийн шийдвэр олон нийтэд нээлттэй биш учраас хардалт дагуулаад байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг нээлттэй болгох байр суурийг илэрхийлсэн” гэлээ.

Дараа нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гурван зүйл заалтад өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсгээс гаргасан.

Тухайн хуулийн 20.2-т төрийн өндөр албан тушаалтнууд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, дэд сайд, ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, ХЭҮК, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гэсэн хүн төрөөс худалдан авах үйл ажиллагаатай холбоотой тендер, нээлттэй, хаалттай байдлаар хоёр зааглаж харилцаанд орох боломж зэрэг саналыг боловсруулсан. Хамтарсан ажлын хэсэг байгуулж, амьдралд хэрэгжиж болохуйц нэмэлт өөрчлөлт хийхээр боллоо.

УИХ-д ирэх долоо хоногт өргөн барина. Төрийн өндөр албан тушаалтнууд төрөөс нээлттэй болон хаалттай хэлбэрээр зарлаж байгаа худалдан авалтын үйл ажиллагаанд оролцохгүй. Эдгээр хүний хамаарал бүхий хүмүүс буюу эхнэр, хүүхэд, хамтран амьдарч байгаа этгээд нь төрийн захиргааны болон төрийн өмчийн байгууллагад шийдвэр гаргах түвшинд ажиллахгүй гэдэг зохицуулалтыг хуульд оруулна” хэмээлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn