Шинэ Үндсэн хуулийг МАН дангаар ноёрхож байгаа УИХ-аар батлахыг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй

Энэ 2023 онд Монгол улсын улстөр, нийгэмд юу болох тухай төсөөлж, түүнийгээ сошиал хуудсууд болох фэйсбүүк, твиттерээр бичиж санаа бдлоо мэдэлцэх, цаашлаад хоорондоо асуудлыг хэлэлцэх явдал их байна. Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сар гармагц нүүрсний хулгай хэмээх асуудал олныг түрхрэн босоход хүргэсэн. Энэ асуудлыг улсаа тоносон эрх мэдэлтнүүдийн бусад луйвар, хулгай, дээрмийн хэрэгтэй адил мартуулахгүйн тулд ард түмэн, тэр дундаа залуучууд 20 гаруй хоног Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал, цуглаан, улстөрийн суулт хийлээ. Жагсагчид хэдий зорилгодоо бүрэн хүрч чадаагүй ч 17 хүний нэрийг уг хэрэгтэй холбоотой хэмээн АТГ-аар зарлуулж, эхлээд мөнгөө аваад дараа нь нүүрсээр төлбөрөө өгөхөөр хийгдсэн нууц гэх есөн гэрээг ил болгож чадлаа. Мөн төрийн ордонд нүүрсний хулгайтай холбоотой Ерөнхий хяналтын сонсгол хийлгэсэн ч тэр нь бас үр дүнд хүрсэнгүй. Тиймээс энэ 2023 оны эхний саруудад ч хавар ч дахин цуглаан, жагсаал үргэлжлэх нь тодорхой хэмээх хүн олон байна. Одоо ард түмэн тогтолцооны шинэчлэл хийхийг хүсч шаардсаар байна. Хэдий Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч бүгд ингэж хэлж байгаа ч одоогийн УИХ-аар уг асуудлыг шийдүүлэхийг олонхи хүн хүсэхгүй байгаа билээ.

МАН дангаараа ноёрхсон УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлт хийлгэвэл ард түмэн дахиад л босно

Одоо байгаа УИХ-д ЖДҮ-чид, концессчид, Капитал банкны луйварчид, Хөгжлийн банкны тонуулчид, нүүрсний хулгайчид гээд есөн шид нь бүрдсэн нөхдүүд бүгд сууж байгаа учир ард түмэн эсэргүүцээд байгаа юм. Төрийн гурван өндөрлөг ч тэдэн дундаа живчихсэн байгаа нь олны дургүйцлийг төр засагт итгэхгүй болгочихсон. Үүнийг өнгөрсөн 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд харуулсан. Бөх үзэхээр ирсэн олон төрийн гурван өндөрлөгийг орж ирснийг зарлах үед бүүлж эсэргүүцсээр угтсан билээ. Ард нийтээрээ шинэ жилдээ бэлдээд завгүй гүйлдэх хоорондуур эрх баригч МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж намынха дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тэр дундаа тогтоцлооны өөрчлөлт хийх эрхийг өгсөн гэх. Ерөнхий сайд ч өөрөө улстөрийн намууд, иргэний нийгэм, ард түмэнтэйгээ хамтарч тогтолцоогоо өөрчилж, хуулиудаа эрүүлжүүлэх тухай шинэ оны мэндчилгээндээ ч дурдана билээ. Гэвч 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж Ерөнхий сайдад бүхнийг даатган, давхар дээлтэй хэмээгдэх сайдуудын тоог 5-хан болгосон нь зохисгүй байна гээд өнгөрсөн 2022 оны 8 дугаар сард дахин давхар дээлтэй сайд нартай болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж батлуулж 9 сайдыг шинээр сонгосон. Гэвч булавч бултайна, даравч дардайна гэгчээр шинээр сайд бологсодын булхай, луйвар, хулгай дээрэм ил гарч ирсээр өнөөгийн байдалд хүрлээ.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэг нам дангаараа олонхи байгаа УИХ-аар хийлгэхээр дандаа бурууддагийг 2000 онд хийсэн “Дордохын долоон өөрчлөлт”, 2019 оны болон өнгөрсөн 2022 оны нэмэлт өөрчлөлтүүд харуулж байна. Мөн 1992 оны Үндсэн хууль шилжилтийн үеийг даван туулахад үүргээ гүйцэтгээд одоогийн шинэ үеийн Монгол улсын нийгмийн амьдралыг зохицуулж чадахгүйд хүрснийг ярих хүмүүс олон байна. Тэгээд ч 1992 оны Үндсэн хууль бол ардчилсан биш социалист улсад өсч хүмүүжсэн хүмүүсийн хийсэн хууль учир одоо цагтай сайн уялдаж чадахгүй байгааг ч олон хүн шүүмжилж байна. Тиймээс энэ удаа Шинэ Үндсэн хуулийг батлах хэрэгтэй. Мөн УИХ-аар биш түүнийг тарааж 1990 оных шиг АИХ-ыг түр байгуулж, тэр үед 400 гаруй депутат хэлэлцэж баталсан бол энэ удаа 1000 гишүүд сонгож Үндсэн хуулиа батлуулах хэрэгтэй хэмээх үзэл бодол ч их байна.

Тогтолцооны хувьд хоёр танхимтай парламент байх уу, хувь тэнцүүлсэн систем сонгох уу гээд тодорхой болгох асуудлууд

Нэгэнт нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа төрийн гурван өндөрлөг, тэр дундаа одоогийн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх эрх өгөх юм бол бүх юм бурууудахыг дахин хэлье. Сонгодог парламенттай болохын тулд хоёр танхимтай байх нь зүйтэй эсэхийг олны хэлэлцэхэд зориулж дурдаад цааш явья. Сонгуулийн тогтолцооны хувьд хэлэхэд одоогийн мажоритар тогтолцоо жижиг тойрог амлаж авдаг баян гишүүд, намдаа нэр нүүртэй төрөөс угжаастай кнопчидод ашигтай. Харин сонгуулийн холимог тогтолцоотой болбол олон намаас төлөөлөл орох сайн талтай ч, намын нэрээр нөгөө Н.Энхбаярын оймсны хавчуурга гэгдэж байсан шиг нөхдүүд УИХ-д орж ирэх боломжтой нь муу тал. Гэхдээ үүнийг сайн тал руу засаж болно.

Шинэ Үндсэн хуульд намуудыг хатуу гишүүнчлэлгүй, комсомолгүй, гитлерюгендгүй болгохыг зааж өгөх хэрэгтэй.

Парламент хэдэн танхимтай байхыг шийдсэний дараа хэдэн гишүүнтэй байх тал дээр, хэрвээ холимог систем сонговол тэдний хэдийг нь намын нэрээр сонгохыг нарийн зааж өгөх хэрэгтэй болно. Тэр тоог ч Үндсэн хууль хэлэлцэх үед хэлэлцэг гээд орхиё.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn