Танилц: БНХАУ-д зорчих иргэдэд дараах журам үйлчилнэ

Энэ сарын 8-ны өдрөөс БНХАУ хилийн бүх хоригоо цуцалж байгаа. Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-нд Эрээн-Замын-Үүд боомтыг нээнэ хэмээн албаныхан мэдэгдсэн. Тэгвэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тус улс руу зорчих гэж буй иргэдэд үйлчлэх журмыг танилцуулжээ.

Монгол Улсаас БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхаарах зүйлс:

  1. БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч явах боломжтой.
  2. Иргэд нисэхээсээ өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй.
  3. БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт https://htdecl.chinaport.gov.cn/…/healthDe…/declare.html болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглөх шаардлагатай.
  4. БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна.
  5. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

Дээрх арга хэмжээг 2023.01.08-ны 00:00 цагаас эхлэн Хятадад ирэх олон улсын нислэгийн бүх зорчигч хэрэгжүүлнэ.

Өнөөгийн байдлаар дэлхий дахинд цар тахал үргэлжилж байгаа бөгөөд Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээ нь халдвар хамгааллын дэглэмийг сулруулна гэсэн үг биш юм.

БНХАУ руу зорчих визийн тухай

БНХАУ руу зорчих гадаадын иргэдийн ажил, үйлдвэрлэл, бизнес, гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зэрэг шаардлагыг сайжруулах, холбогдох виз мэдүүлэх иргэдэд дэмжлэг үзүүлнэ.

Мөн БНХАУ-ын элчин сайдын яамнаас утсаар тодруулснаар Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай.

Зарим гадаад улс БНХАУ-аар нэвтэрсэн болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа учир зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээллийг авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn