2022 он: Он дамнан шийдэгдэх нүүрсний хулгай, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт

Монгол улсад өнгөрөн одож буй 2022 онд юу юу болов. 2022 он тэр чигтээ хулгай худлыг илчлэх кампани өрнөсөн жил болж өнгөрлөө. Тэгвэл ирж буй 2023 онд ч эдгээр үйл явдал цааш өрнүүн дэлгэр үргэлжилж, Монгол улсын шинэ хөгжил дэвшилд оруулах уу үгүй юу гэдгийг шийдэх болно. Оны эхээр шахуу Хөгжлийн банкийг дээрэмдэж, тоносон эрх мэдэлтнүүдийг зарлаж тэднээр хууль бусаар авсан 1.8 тэрбумын зээлийг нь төлүүлж байна. Тэгвэл өнгөрсөн намраас хойш нүүрсний хулгайн асуудлыг хүчтэй ярьж, жагсаал цуглаан замаа алдаж, уг асуудлаар Ерөнхий сонсгол гээчийг ч хэрүүл, уруултай явууллаа.

Нүүрсний хулгай

Нүүрсний хулгай хэмээх энэ асуудал ганц энэ удаа л яригдаж байгаа асуудал биш. Хулгай нь томорсоор бүр эцсийн мөчид ийнхүү дэлбэ үсэрч байгаа хэрэг юм. Монгол төрийн эрхэнд гарсан бараг бүх хүмүүс ямар нэг хулгай, дээрэм, хууль бус үйлдэлд холбогддог болохыг бид хангалттай харлаа, сонслоо, үзлээ. Төрийн  ордон  хулгайчдын нуугддаг газар  болсныг  ЖДҮ-гээс эхлээд Капитал банкны дампуурлаар дамжуулан эдүгээ Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгайн хэрэг гээд харуулах шиг болж байна.  УИХ, Засгийн газрын гишүүд экс болон албан тушаалаа хашиж буй Ерөнхийлөгч нь нүүрсний хэргийн гол сэжигтнээр нэрлэгдэх болов.

Саяхан л хэдэн зуун сая, хэдэн тэрбумаар нь хулгайлж, дээрэмддэг гэлцдэг байсан. Гэтэл эдүгээ бүр их наядаар нь хулгайлдаг болсныг нүүрсний хулгайн хэрэг харуулж байна. Хуулийнхны битүү ажиллагаа олон мянган залуусыг өвлийн хүйтэнд төв талбайдаа 20 хэдэн хоног жагсахад хүргэснээр уг хэрэгт 17 хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаагаа АТГ-аас зарлав.

АТГ-аас нэрлэсэн улстөрчдийн долоо нь УИХ-ын гишүүд, тэдний тав нь эрх баригч МАН-ынх бол үлдсэн хоёр нь АН-ынх.  17 хүний арав нь МАН-ын хүмүүс үлдсэн нь АН-ынх ажээ.

Нүүрсний хулгайч хэмээн хамгийн их цоллогдож буй экс Ерөнхийлөгч Х.Баттулга хэдийгээр АТГ-т байцаалт өгсөн ч хоёр хоногийн дараа БНСУ-ыг зорьсон. Эмчлүүлэхээр явлаа гэсэн ч түүнийг УИХ-ын гишүүн ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн ХҮН-ын дарга Т.Доржханд нар зугатчихлаа гэлцсэн. Харин АТГ-ын дарга хэн зугатсан юм хэмээн өмгөөлсөн. АТГ ийнхүү дарга, боссыг нь “оргуулчихаад” А.Гансүх, Б.Батзаяа нарт хилийн хориг тавиад буй. Он гараад уг асуудлын эцсийг үзэхийн тулд дахиад л цуглаан жагсаал үргэлжлэх байх.

Үндсэн хуульд ч гар, хөлөө дүрсээр

2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн давхар Засгийн газарт алба хашиж болохгүй гэж хуульчилсан. Гэвч давхар дээл буцаан өмсөхийн тулд энэ 2022 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг маш богинохон хугацаанд хийсэн. Энэ бүхэн Үндсэн хуулийн хямрал далаллаа. Өнгөрсөн наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцэд нэр бүхий гишүүд /ХҮН-ын Т.Доржханд, АН-ын Ш.Адьшаа/ гомдол гаргаж, “давхар дээл”-ийн асуудал Үндсэн хууль зөрчсөн гэснийг Цэцийн Их суудлын хуралдаанаар шийдвэрлэж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан.

Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрлөлт оруулахдаа Засгийн газрын гишүүдийн Ерөнхий сайдаас гадна дөрөв нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтыг оруулж байсан юм. Засгийн газрын сайд нь нар илүү мэргэжлийн байх ёстой гэж үзсэн учраас ийм өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дахин найман жил гар хүрэхгүй байх хуулийн зохицуулалттай боловч эрх баригчид Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар шийдвэр гаргуулсан. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийн байдаг учраас түүнийг УИХ хүлээж авч, холбогдох хуульдаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөлийг өөрсдөдөө бий болгосон.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дан дээлтэй сайд нар хүч дутаж, УИХ-ын гишүүдээс давхар дээлтэй болох гэсэн хүсэл нь Засгийн газраа огцруулах хэмжээнд хүрсэн учраас ийн Үндсэн хуулийн Цэцэд МАН-ын “гар хөл” болсон гишүүд гомдол гаргасан. МАН-ын дарга, эрх баригчдын хүслийг гүйцээж Цэц дүгнэлтээ гаргаж, УИХ ч яаравчлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулах эрхтэй болж, “давхар дээл”-тэй болох үнэмлэхүйн олонхийн зовлонгоосоо ангижирсан. Ингэж Үндсэн хуулийн Цэцээр хүссэн шийдвэрээ гаргуулж, Л.Оюун-Эрдэнийн танхим 14 “давхар дээл”-тэй сайдтай боллоо.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа бодлогын томоохон өөрчлөлт оруулалгүй, зөвхөн өөрсөддөө хэрэгтэйг өөрчилж ирсэн нь Үндсэн хуулийн хямралыг эцэст нь хүргэсэн учир одоо он гараад дахин нэмж, өөрлөхөөр зэхэж байгаа билээ. Энэ удаа тогтолцооны өөрчлөлт хийхээс аргагүй хэмээж буй.

Айлчлалын даллагатай жил

2022 онд Монгол Улс гадаад, дотоод айлчлал ихтэй, дипломат бодлогын хувьд эрчтэй, идэвхтэй байлаа.  Хойноо дайн байлдаантай, урдаа цар тахлын хоригтой, их гүрнүүдийн “жийргэвч” улсын хувьд Монгол гадаад бодлого олон улсад нээлттэй байсан төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монголд ирж мод тарьсан нь манай улсын хувьд эерэг бөгөөд том сурталчилгаа болсон. Дэлхийн засгийн газрын тэргүүн Монголд зочлохдоо “ Монгол Улсын гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байгаа”-г онцолсон билээ.

Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, БНСУ болон Японы гадаад харилцааны сайдууд ээлж дараалан Монголд айлчилсан. С.Лавровын айлчлалаар шатахууны үнийг он дуустал тогтвортой нийлүүлэх асуудлыг тохирсон бол Ван И-гийн айлчлалаар төмөр замын хилийн цэгээ эцэслэн баталсан юм.

2017 оноос хойш анх удаа Монгол Улс гадаад бодлого нээлттэй, идэвхтэй байгаа нь хоёр их гүрний дунд орших жижиг улсын хувьд ардчиллаа хамгаалах бодлого юм.

Энэ жил Монголын төрийн гурван өндөрлөг ч гадаадад айлчлал хийж, улсаа сурталчилж, таниулж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс улс орнуудыг энх тайванд уриалж, ШХАБ-д элсэх тухай асуултад маш оновчтой, зөв хариулт хэлсэн нь  олон нийтээс багагүй үнэлгээ авсан.  Тэрбээр Египетэд айлчилсны дараа Хятад, Японд мөн төрийн айчлал хийсэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайд хатан хаан болон Шинзо Абэг үдэх ёслолд Монголоо төлөөлөн оролцсоноос гадна Сингапур, Германд албан ёсны айлчлал хийсэн. Дорнын эдийн засгийн уулзалтад оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулаад ирсэн билээ.  УИХ-ын дарга Г.Занданшатар Туркт айлчилсан гээд хоёр хөрштэйгөө ч, гуравдагч түншүүдтэйгээ  Монгол Улс аль болох төвийг сахисан, найрсаг, олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлж байна.

Авлига, хулгайн эсрэг залуус гудамжинд гарлаа

Хөгжлийн банкны луйврын хэрэг үнийн өсөлт, эдийн засгийн хямралд нэрвэгдсэн иргэдийн бухимдал дээр тос нэмж, авлигачдын эсрэг залуус гудамжинд гарч, Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн юм. Ерөнхийдөө 2022 онд иргэд бухимдалтай, эрх баригчид донсолгоотой байсан гэж хэлж болно. Жагсаалын салхийг хагалж, залуус төв талбайд гарч ирэхдээ эрх баригчдаас Монголдоо сайхан амьдармаар байгаагаа шаардав, нэхэв, жагсав.  Аливаа асуудлыг аргацаадаг, асуудал гарвал бусад руу бухдаг эрх баригчдад элдэв сүржин үгтэй, цүнх баригчдын даржин жагсаалаас огт өөр жагсаалыг орчин үеийн оюутан залуус үзүүлэв.  Тэд дунд, ахмад үеийнхэн шигээ халамж  нэхсэнгүй, харин ажилтай, орлоготой байлгана гэсэн амлалтаа биелүүлэхийг Засгийн газраас шаардсан.

Сүхбаатарын талбайд гурван өдөр тайван жагсаалаар эсэргүүцлээ илэрхийлсэн Монголын залуусын өмнө Монголын Ерөнхий сайд өөрийн биеэр гарч ирж, тэднээс уучлалт гуйхдаа авлига, албан тушаалын хэргүүдтэй нам харгалзахгүй тэмцэхээ амлаж байв.  Жагсаалын шаардлагын дагуу Эдийн засгийн хямралыг даван туулах бодлогоо Засгийн газар УИХ-аар батлуулж, төрийн хэмнэлтийг хэрэгжүүлсэн.

Тэдний тэмцэл нийт 15 зүйл бүхий шаардлага байснаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн.

Тэгвэл нүүрсний хулгайн асуудлаар иргэд хөхөө өвлийн хүйтнийг үл анзаарах төв талбайдаа жагссан. Өөрөөр хэлбэл, авлига, хулгайг эсэргүүцсэн иргэд ахиад гудамжинд гарсан юм.

Нүүрсний хулгай гэх монголчуудын баялгийг цөлмөсөн  дуулиант хэргийг шударгаар шийдэхийг тэд одоо ч шаардаж буй. Эрх баригчид, улс төрийн намууд, улстөрчид энэхүү жагсаалыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг оролдсон ч, эцэстээ жагсагчдыг албадан тараахад хүрсэн юм.

Хэдэн их наядын нүүрс хулгайлсан хулгайчдын нэрсээ жагсагчид зарлахыг шаардсан юм. Жагсагчдын тавьсан шаардлагыг дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр дахь удаагаа гарч ирэхдээ мөн л анд нөхдийнхөө авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөхгүй, тэмцэхээ илэрхийлсэн билээ. Жагсаал зорилготой, зорилгогүй, санхүүжилттэй, санхүүжүүлэлтгүй гэж олон нийт маргаж буй ч ямартаа ч үүний үр дүнд АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт 50 гаруй хүнийг шалгаж байгаа талаар мэдээлсэн. Мөн 17 улстөрчийн нэрсийг зарласан. Энэ оны зун, өвөл хоёрт болсон том жагсаал эрх баригчдыг сандаргасаар байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn