
“Чингис хаан” хаад язгууртны музей 2022 оны 10-р сарын 11-ний өдөр 11:40 цагт албан ёсоор нээгдэж, иргэдэд үйлчилж эхэллээ.
Нээлтийн ёслолд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, “Чингис хаан” хаад язгууртны музейн захирал С.Чулуун нарын албаны хүмүүс, төр нийгэм, соёл урлаг, спортын ын нэрт зүтгэлтнүүд, иргэд оролцлоо.
Монгол Улсын мандан бадрах, өнө мөнхөд олон ардаараа амар түвшин оршихын бэлгэдлийг илэрхийлэх Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг, Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болсон 9 хөлт цагаан тугийг “Чингис хаан” хаад язгууртны музейд залснаар музей албан ёсоор нээгдэв.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Чингис хаан” хаад язгууртны музейн захирал С.Чулуун нар үг хэлэв.
Музей нь:
- Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
- Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
- Их Монгол Улс;
- Монголын Их эзэнт улс;
- Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
- Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
- Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм.
Музей Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан Хүннү гүрнээс эхлээд 20-р зууны эхэн хүртэлх Чингис хааны угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээж авчирсан тухай түүхийг бүрэн цогцоор нь илэрхийлэх 11 мянга үзмэртэй. Үүний 92 хувь нь эх үзмэр.
Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин:
“Та бүхний амар амгаланг эрин мэндчилье!
Намрын дунд сарын билигт сайн энэ өдөр Монголчууд бид төрт ёс, хаад, язгууртнуудынхаа дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг, монгол туургатны их түүх, үндэсний эв нэгдлийг бат илэрхийлэх Их эзэн Чингис хаанаараа нэрийдсэн түүхэн бүтээн байгуулалтын үүдийг нээж, өрхөө татлаа.
Монголчууд бидний бахархал, үндэсний ижилсэл-ондоошил, эв нэгдлийн тулгуур зангилаа болохуйц энэ бүтээн байгуулалтын тулгыг нь тавьж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд болон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
“Чингис хаан” хаад язгууртны музей бол нэгэн зууны түүхэнд Монголын соёлын салбарт хийгдэж байгаа дэлхийн жишигт нийцсэн хамгийн том бүтээн байгуулалт бөгөөд Монголчууд бидний соёлын үнэт зүйлийг бүртгэн цуглуулж, хадгалан хамгаалж, судлан сурталчлах үүргийг дээд зэргээр гүйцэтгэх, мөн Чингис хаан судлал, Монгол судлалын гол зангилаа төв болж үйл ажиллагаа нь өргөжин тэлэх юм.
Монголчууд бид, бидний өвөг дээдэс дэлхийн хөгжилд хэрхэн өөрсдийн хувь нэмрийг оруулж ирсэн нь музейд тавигдсан хосгүй үнэт үзмэр, дэлхийд хосгүй эд өлгийн зүйлсээр бат илрэх бөгөөд олон улс орноос өөрсдийн түүхэнд холбогдох эд өлгийн зүйлсийг татан төвлөрүүлсэн.
“Чингис хаан” хаад язгууртны музей дэлхийн жишигт нийцсэнээс гадна анимейшн, интерактив, VR зэрэг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан бүх насныханд зориулсан үзүүллэг дэглэлтийг хийсэн.
Монголчууд бидний баялаг түүх, арвин их соёлын өв улам их түгэн дэлгэрэхийн илэрхийлэл болсон энэ музей соёлын бүтээн байгуулалт, соён гэгээрлийн жишиг болж үргэлжлэх болтугай.
Тухлан саатаарай!” гэв.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах шийдвэр гарч, музейн шавыг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан.