УНГАРЫН НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ ПЭТӨФИ ШАНДОРЫН ДУРСГАЛЫН САМБАРЫГ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

2022-10-21

Өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд Дэлхийн эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжигч, Унгарын нэрт яруу найрагч Пэтөфи Шандорын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан дурсгалын самбарыг нээх ёслол боллоо.

Жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдөр Унгар Улс Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярын өдрийг тэмдэглэдэг. Унгарын энэ баярын өдрийг тохиолдуулан Монгол-Унгар хоёр улсын ард түмний уламжлалт найрсаг харилцааны хүрээнд Унгарын нэрт яруу найрагч Петөфи Шандорын дурсгалын самбарыг Монгол Улсын Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд нээлээ.  Пэтөфи Шандор мажар түмнийг хувьсгалд уриалсан “Nemzeti dal” буюу “Үндэстний дуулал” алдарт шүлгээ туурвисан нь Унгарт эрх чөлөөний төлөөх хувьсгалын сүлд дуулал, урам зориг нь болсон бөгөөд өдгөө Унгарын эх оронч шүлгийн сонгодогт тооцогддог юм. Хувьсгалч, яруу найрагч П.Шандорын шүлгүүдийг анх академич Б.Ринчен, дараа нь орчуулагч Го.Аким нар монгол хэлнээ орчуулж, уншигчдын хүртээл болгосон түүхтэй.

Энэ үеэр Унгарын уран зохиолын дээж болох 100 ширхэг номыг Унгарын Засгийн газраас Элчин сайдын яамаараа дамжуулан Үндэсний номын санд гардуулан өгсөн юм. Түүнчлэн П.Шандорын алдарт “Ойн шувуу жиргэх нь ондоо” шүлгийг Үндэсний номын сангийн номын санч Х.Нарандулам монгол хэлээр, “Янаг амраг, эрх чөлөө” шүлгийг Унгарын Элчин сайдын хүү Эндре Таллош мажар хэлээр хүрэлцэн ирсэн зочдод уншиж сонордууллаа.

Дурсгалын самбарын нээлтийн ёслолд Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, доктор Обрущански Борбала Анна, Соёлын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Унгарын Элчин сайдын яамны Дэд тэргүүн, ноён Цүцаи Аттила, Монгол Улсын Их Сургуулийн багш Долмо Бэрэц, Унгарын ЭСЯ-ны хамт олон болон Унгарт төгсөгчдийн төлөөлөл болсон хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцлоо.

Холбоотой мэдээ