М.Батбаяр: Чингис хаан гэдэг том үзэл баримтлалыг бүтэн болгохын төлөө бүгд хичээсэн

2022-10-27
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаа Соёлын дэд сайд М.Батбаярыг урьж, ярилцлаа.
-Та “Чингис хаан музей”-г зураг төсөл байхаас нь эхлэн ажилласан хүмүүсийн нэг.  Музей маань нээлтээ хийж, монголчуудын нэгэн бахархал биеллээ оллоо.  Юуны өмнө танд баяр хүргэмээр байна?
-Баярлалаа. “Чингис хаан музей”-тэй болж, Монгол Улсынхаа үүх түүхээр бахархаж  буй энэ сайхан түүхэн өдрүүдийн мэндийг хүргэе.  Дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн богд Чингис хааныхаа нэрээр нэрлэгдэх, түүнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг нэгтгэсэн томоохон бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар хийж, ашиглалтад орууллаа. Чингис хаанд зориулсан түүхэн том бүтээн байгуулалтыг хийх тухай сүүлийн 60 орчим жил яригдсан байна. 1962 онд Их хааны мэндэлсний 800 жилийн ойгоор төрсөн нутагт нь Цагаан хөшөө босгожээ.  Түүнээс хойш нэгэн жарны дараа Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн  босгон дээр монголчууд, Монголын төр том хэмжээний бүтээн байгуулалтыг хийж дуусгасан нь бас нэг хувь ерөөл юм. Миний бие энэ түүхэн цаг үеийн нэгэн гэрч болж байгаадаа тун их баяртай сууна.
2019 оны хоёрдугаар хагас бол түүхэн цаг үе юм.  Яагаад гэхээр тэр үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачилга гаргаж, дэлхийн мянганы суут хүн, Их Монгол Улсыг үндэслэгч, эзэн богд Чингис хаан, түүний үр хойчист одоогийн голомт нутагт нь буюу Монгол нутаг Чингис хаан үзэл санааны дэлхийн төв байх эхлэлийг тавьсан. Үйл явдлыг товчхон сануулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын тогтоол гарч, “Чингис хааны өв соёлын хүрээлэн”-г байгуулсан.  Энэ бол Монгол Улс анх удаагаа Чингис хаан судлалын хүрээлэнг байгуулсан явдал байлаа.
Миний бие тус хүрээлэнгийн анхны захирлаар томилогдож ажилласан. Томилогдсон өдрөөсөө   шинэ айл өрх төвхнөхөд яадаг билээ яг тэрэнтэй адил хүрээлэндээ эрдэмтэн судлаачдаа цуглуулахаас эхлээд бүхнийг шинээр эхэлж байлаа.
Манай хүрээлэнгийн эхний үеийн зорилго “Чингис хааны музей”-г барьж байгуулах ажилд онцгой оролцох байв. Ингээд хүрээлэн байгуулагдсанаас гурван сарын дараа  Засгийн газраас бас нэгэн чухал шийдвэр гарсан нь “Чингис хаан” музейг байгуулах тухай” тогтоол байсан юм.  2019 оны есдүгээр сард Төрийн ордонд эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд хурж, “Чингис хаан музей” байгуулах үзэл баримтлалын  хувьд ямар байх тухай байр сууриа илэрхийлж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус хуралд өөрийн биеэр оролцож, одоогийн музейн захирал, академич С.Чулуун анхны үзэл баримтлалыг боловсруулж танилцуулж байсан. Үүнээс хойш “Чингис хаан, хаад язгууртны музей”-г барьж байгуулах ажил нэлээд эрчимжсэн.
– Музейг барьж байгуулахад хамгийн чухал зүйл нь үзэл баримтлал байдаг.  “Чингис хаан музей”-н үзэл баримтлалыг тэр үед хэрхэн тодорхойлж байв?
-Мэдээж бидний хамгийн чухал зүйл нь үзэл баримтлалыг тодорхойлох байв. Музей маань түүхийн ямар хэсгийг харуулах уу, аль цаг үеэс ямар цаг үеийн эх сурвалжуудыг тусгах уу. Язгууртны музей байх юм уу, угсаатных уу гээд энэ бүхнийг  тодорхойлох нь маш чухал байлаа.    Эрдэмтдийн  чуулганы дараахан 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  ажлын хэсгийнхнийг дуудаж уулзсан.  Тус уулзалтаар өмнөх уулзалтуудын үр дүн, эрдэмтэн судлаачдын санал санаачилгыг хэлэлцсэн. Ингээд “Чингис хаан” музейн үзэл баримтлалыг Хүннүгийн төрт улс ба манай тооллын өмнөх 209 оны Модун Шаньюгийн үеээс буюу Чингис хааны өвөг дээдсийн үе, Чингис хааны өөрийнх нь цаг үе, Чингис хааны үр хойчсынх нь үеээс буюу 1911 оны Үндэсний хувьсгалыг алтан ургийнхан оройлон манлайлж хийх хүртэлх 2000 жилийн төрт ёсны түүхийг хаад язгууртанд  түшиглэж  үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн.  Энэ үзэл баримтлал дээр “Чингис хаан хаад язгууртны музей”-г барьж байгуулахад санал нэгдсэн байдаг.
сонин mn
“Чингис хаан, хаад язгууртны музей” гэсэн нэрийг хэрхэн оноосон юм бэ. Иргэд маань “Чингис хаан” музей гээд нэрлээд тогтчихлоо доо? 
-“Чингис хаан, хаад язгууртны музей”  гэж цаашид нэршиж занших нь зүйтэй юм. Анх 2019 оны долдугаар сарын 3-нд гарсан Засгийн газрын 280 дугаар тогтоол дээр “Чингис хааны музей”  гэсэн нэртэй байлаа.  Энэ нь ганц хувь хүн төвтэй музей шиг байна гэсэн саналыг зарим хүн гаргасан.   Ингээд “Чингис хаан музей” болгосон.  Дараа нь  үзэл баримтлалыг харсан ч “Чингис хаан, хаад язгууртны музей” болгох зүйтэй хэмээн үзэж, энэхүү албан ёсны нэршил дээр тогтсон юм.
-Музейг барьж байгуулахад нэлээд олон ажлын хэсэг байгуулагдаж ажилласан байна.  Ер нь тэднийг зангидаж, ажлыг урагшлуулахад нөлөөлсөн гол хүч нь юу байсан юм бэ?
-“Чингис хаан музей”-н зураг төслийн эх  загварыг Монгол Улсын зөвлөх архитектор Д.Балдан агсан  гаргасан. Эхний төслөөр бол долоон давхар барилга байхаар зураг төсөлтэй байлаа. Тэгээд эрдэмтэн судлаачид ажлын хэсгийнхэн ярилцаад есөн давхар болгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн хуучин Байгалийн түүхийн музейн ард Сан хөмрөгийн барилга гэж байсан.  Тухайн үед барилга хоорондын зайг стандартын дагуу болгох ёстой гэсэн галын байцаагчийн дүгнэлттэй байсан учраас сан хөмрөгийн хэсгийг буулгаж чөлөөлөх шийдвэрийг мөн гаргасан.  Үүний дараагаар барилга угсралтын ажил нэлээд эрчимтэй өрнөсөн дөө. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, БСШУСЯамны удирдлага, ажил хариуцсан мэргэжилтнүүд, сайд Ё.Баатарбилэг нарын албаны хүмүүс музейн ажилтай холбоотой тушаал шийдвэрүүдийг маш шуурхай гаргаж байв.
Үзэл баримтлал, үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулсан.  Үндсэн ажлын хэсгээс гадна зургаан дэд ажлын хэсэг байгуулсан.  Ингээд Чингис хаантай холбоотой үзмэр, эд өлгийг хаанаас цуглуулах уу, гадаадын музей, галерейд байгаа үзмэрүүдийн жагсаалтыг гаргах, тэднийг хэрхэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр татаж хуулж авах, шинээр бүтээлгэх үзмэрүүдийн жагсаалтыг батлах,  түүнийг бүтээх уран дархчуудын судалгааг хийх, мөн орон нутгийн музейдээс үзэл баримтлалд нийцэхүйц үзмэрүүдийг татан авах зэрэгт ажлын хэсгүүд хуваагдан ажилласан.
Шинээр байгуулагдсан “Чингис хааны өв соёлын хүрээлэн” маань ч музейн үзэл баримтлал, үзүүлэлт дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулах ажилд тэргүүлэн орсон байдаг.
Тухайн үед БСШУСЯам, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран нийтээрээ зүтгэсэн. Ингээд 2020 оны нэгдүгээр сарын 30-ний өдөр  Засгийн газраас “Чингис хаан, хаад язгууртны музей”-н үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд баталсан.  Өөрөөр хэлбэл, бид музейгээ цаасан дээр байгуулж эцэслэсэн гэсэн үг. Эд өлгийн зүйл, танхим зохион байгуулалт гээд бүх зүйлийг албан ёсоор баталж,энэ үзэл баримтлалыг хэн ч өөрчлөхгүй явсаар, яг тэр цаасан дээр баталсан загварын дагуу музейгээ байгуулсан. Энэ нь өөрөө музейн олон улсын  стандартад байдаг зүйл.   Мөн музейн ажил тухайн үеийн Засгийн газрын анхаарлын төвд байсан учраас долоо хоног болгон ажлын хэсгийнхэн  хуралдаж, үйл ажиллагаагаа хэлэлцэж, нэлээд шахуу хөтөлбөртэй байсныг энд дурдах нь зүйтэй.
-2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр музейн шав тавих ёслол болж байсан. Шав тавих ёслолыг бурханч лам Г.Пүрэвбат удирдаж тодорхой дэг журмын дагуу хийсэн.  Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Тийм ээ. Үүнээс өмнө хоёр үйл явдал болж байсныг мөн ярих нь зүйтэй байх. Тодруулбал, 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Казахстан Улсад айлчилсан.  Тэр үед ШУА-ийн түүх угсаатны хүрээлэнгийн захирал С.Чулуун доктор бид хоёр  хамт явж, тус улсын музейтэй танилцсан.   Төв Азид баригдсан хамгийн сүүлчийн, дэлхийн стандартын музей бол Казахстаны музей байсан. БНСУ-ын нэртэй архитекторыг урьж зураг төслийг боловсруулсан. Тэр музейг үзээд юу бодож ирсэн бэ гэхээр “Чингис хаан музей”-гээ аль болох эх үзмэрээр дэглэх ёстой юм байна гэсэн бодолтой ирсэн.   Мөн түүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахад айлчлалын багт багтаж, Санкт Петербург хотын Эрмитажын  музейг очиж үзсэн. Чингис хааны музейн дээд талын хүндэтгэлийн танхимд долоон метрийн өндөртэй Чингис хааны алтан хөшөө баригдана.  Монгол төрийн хүндэтгэлийн олон үйл ажиллагаа  тэнд болох орон зай байх юм. Тэр үед алтдах үзмэрийн хэмжээг арай багаар тооцож байсан юм билээ.  Эрмитажын  музейг үзэхэд Оросын хааны гэр бүлийн хэрэгцээнд хэрэглэж байсан зарим эд зүйл гэхэд 60-70 кг алтны тухай байгаа юм. Тэндээс бид Чингис хааныхаа алтадсан хөшөөг хэмжээний хувьд арай том үнэ цэнтэй байх ёстой юм байна гэсэн тооцоололтой ирж байлаа.  Мөн Эрмитажын музейд зочлох  үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тус музейн захирал Чингисийн чулууны бичгийн цор ганц эх хуулбарыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр бэлэглэж байсан.  Энэ бол манай музейн анхны үзвэр байлаа. Тэр өдөр 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр байсан нь /1206 он/  их бэлгэшээлтэй сайхан санагдаж байсан.
Дорнын уран барилга,  сүм дуган барьж байгуулах соёлд шав тавих ёс буюу шүншиг хийх ёс гэж байдаг. Ялангуяа малтлага судалгаагаар ХIII зууны үеийн барилга байгууламжийн ёроолоос шүншиглэсэн зүйлүүд болох есөн эрдэнэ, эмийн ургамлууд, уул ус чулууны дээж, алт эрдэнэ гарч ирдэг.  Энэ уламжлалын дагуу “Чингис хаан музей”-ээ шүншиглэсэн. Энэ ажлыг Соёлын гавьяат зүтгэлтэн бурханч лам Г.Пүрэвбат гуай зөвлөж, тухайн үеийн ЗГХЭГ, БСШУСЯам улсын хэмжээнд зохион байгуулж, 21 аймгийн удирдлагууд идэвхтэй оролцсон.
Энэ хүн маань 1997 онд Мэгжиджанрайсаг бурхныг бүтээхэд  оролцсон, энэ чиглэлд нэлээн туршлагатай гэдгийг иргэд маань мэднэ.  Ингээд шүншиглэхэд мэдээж есөн эрдэнэ орсон.  Төрийн тахилгат арван хайрхны чулуу шорооны дээж, гурван мөрний рашаан,  Оюутолгойн ордоос алтны дээж,  “Эрдэнэт” үйлдвэрээс зэс, оюуны дээж, Салхитын мөнгөний ордоос мөнгөний дээжийг нь авчирсан гэх зэргээр маш их утга агуулгатай шүншиглэсэн.  Монголчуудын 2000 жилийн түүхийг харуулсан хүндэтгэл бишрэлийн шүтээн болох ёстой үзэл санаан дээр тулгуурлаж байв.  Ард иргэдийнхээ сэтгэл, оюун санаа, газар нутгийнхаа баялаг шороо чулууны дээжийг шингээх ёстой гэсэн агуулга багтаж байв.   Ингэж шүншиглээд, төд удалгүй гурав хоногийн дараагаас барилга угсралтын ажлууд эхэлсэн дээ.
сонин mn
-Ер нь соёлын өвийн барилгууд бусад барилга байгууламжаас нэлээд онцлог ялгаатай.  Барьж байгуулахад ч нэлээд цаг хугацаа шаарддаг. Та  архитектор хүн. “Чингис хаан музей”-н барилгын хийцлэлийн хувьд тодруулж хэлбэл?
-Музейн барилга барьж байгуулахад маш урт хугацаа зарцуулдаг. Азийн улс орнууд багадаа 6-12 жил барьж байгуулсан байдаг.   Нэгдүгээрт,  үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө болон барилгын зураг төлөвлөлтийн цогц ажил нөр их хөдөлмөр шаардана. Хоёрдугаарт, барилга бүтээн байгуулалтын ажил. Гуравдугаарт, үзмэр дэглэлтийн ажил гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна.  Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дээрх гурван хэсгийн ажил маш сайн зохион байгуулалттай, хяналт төлөвлөлттэй явж ирсэн.  Барилгын ажлын тендер зарлаж, “Билгүүн Монгол” констракшн  гэдэг компани шалгарсан. Энэ компани сайн чадамжтай компани байсан.  Нэлээд том ам.метр талбайтай барилга шүү дээ. Ердөө хагас сарын хугацаанд л нэг давхрын угсралтыг гаргаж байлаа. Тухайн үеийн ажил хариуцсан төрийн захиргааны байгууллагууд ч үе шатны хяналт шалгалтын ажлаа тогтмол хийж гүйцэтгэж байсан.  Ингээд музейн барилга угсралтын ажил ердөө нэг жил зургаан сарын хугацаанд үргэлжилсэн. Цар тахлын амаргүй цаг үе байсан ч гэлээ бидэнд барилгын ажлыг зогсоох эрх байсангүй.  Хил гаалийн хүндрэлтэй үе  таарсан учраас голдуу дотоод нөөц бололцоогоо ашигласан. Барилгын арматураас эхлээд ажиллах хүчээ хүртэл 100 хувь монгол хүнийхээ хүч хөдөлмөр, үйл ажиллагааг дэмжсэн бүтээн байгуулалт болсон гэдгийг онцлон хэлмээр байна.
“Чингис хаан музей” барьсан байрлалд анх 1953 онд тухайн үеийн Хөдөө аж ахуйн техникумын барилга баригдсан байдаг. Тухайн сургууль 2-3 жил үйл ажиллагаа явуулаад араас нь Улсын төв музей орсон.
Мөн түүний дараа  Улсын төв музей маань Байгалийн түүхийн музей болсон.
Ингээд 2013 оноос ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарч, ерөнхийдөө сүүлчийн зургаан жил нь ашиглагдаагүй байсан. Музей маань нийтдээ 20.500 ам.метр талбайтай. Есөн давхар барилга. Музей гэдэг өөрөө онцгой объект. Тиймээс хамгийн сүүлийн үеийн барилгын ухаалаг системээр тоноглогдсон.  Энэ нь барилгын дэд бүтцийг бүрэн нэгдсэн хяналтад оруулсан гэсэн үг. Тухайлбал, гадна агаарыг цэвэрлүүлж дараа нь халааж, хөргөж оруулна. Бохир агаарыг гадагшлуулна.  Хэрэв зарим танхим гэрэлтэй бол, ус алдвал, цонх онгорхой байвал мэдэгдэх ийм зохицуулалттай. Галын аюулгүй байдлын бороожуулах системтэй.  Мөн сан хөмрөгийн өрөөнд агаарыг сорж авах зарчмаар гал унтраах ухаалаг системтэй.
Барилга төлөвлөлтийн хувьд нэгдүгээрт байрлал чухал.  Ер нь архитектур  өөрөө байрлал, орон зайн урлаг шүү дээ. “Чингис хаан музей” маань дөрвөн замын уулзвар дээр, тэр дундаа корнер буюу булан хэсэгт  байрладаг.  Барилгыг дөрвөн тал гэж үзвэл хоёр тал нь илүү их харууцтай.  Булангийн корнер бол хамгийн чухал хэсэг гэж үзэж,  энэ хэсэгт суурилсан архитектурын шийдэл гаргасан.  Хоёрдугаарт, зориулалт.  Тэр дундаа юуны музей гэдгээс хамаарч төлөвлөлт хийгдсэн.   Энэ музей маань түүхийн музей тэр дундаа монголчуудын шүтээн, оюун санааны хувьд эрхмийн эрхэм хүний нэрээр нэрлэгдсэн тэр цаг үед холбогдох, цаашлаад дэлхийн түүхийг илэрхийлэх ийм музей.  Энэ утгыг мөн бодож төлөвлөлтөө хийжээ.
Гуравдугаарт, музейн барилга өөрөө байгалийн гэрэл бага  хэрэглэдэг учраас цонх багатай, хана ихтэй хийсэн. Мөн музейн барилга маань урд талдаа маш их орон зайг авахыг хичээсэн. Энэ нь үзэгчээ өөр лүүгээ татах үндсэн агуулгадаа нийцсэн гэхэд болно. Хуучин байсан барилгын нүүр хэсгээс даруй хойш нь арван метр татаж өгсөн.  Сая музейн нээлт хийхэд урд талбайд нь 300-400 хүн цуглахад ямар ч асуудал үүсээгүй.  Энэ бол музейн барилгын нэг стандарт юм.
Дараагийн нэг онцлох шийдэл нь орой дээрээ 28 метрийн диаметртай купол танхим  байрлуулсан. Энэ нь Монгол Улсад анх удаагаа хийгдэж байгаа томоохон хэмжээний баганагүй орон зай юм.  Дэлхийн улс орнуудтай харьцуулахад   Энэтхэгийн Таж махалын орой 22-23 метрийн диаметр хэмжээтэй.  ХБНГУ-ын Засгийн газрын ордны дээд талд 40 метрийн диаметртэй шилэн купол бас бий. Тэгэхээр бусад ижил төстэй байгууламжуудтай харьцуулахад ч бид хэмжээний хувьд томдоо орох ийм оройн хэсэг хийж өгсөн. Энгийн хүн харахад ялимгүй том ч юм шиг харагдаж магадгүй.
Гэхдээ барилгынхаа харьцаа,  донжинд тохирсон  харьцаа болж чадсан. Дүгнэж хэлбэл Чингис хаан музейн барилга бол монгол архитектор, инженерүүд, Монголын барилгачдын оюун ухаан, зүтгэл шингэсэн бүтээл юм.
-Музейн хаалга их өвөрмөц болсон. Мөн хаалга дээр байрлах тамга, тойрсон чимэглэл бүтээлүүдэд монгол дарханы ур хийц шингэсэн байна. Энэ бүтээлүүдийн тухай онцлохгүй юу?
сонин mn
-1950-аад онд Европт сургууль  төгсөж ирсэн үндэсний мэргэжилтнүүд төв талбайг тойрсон барилгуудад сонгодог загварыг нэлээд шингээж өгсөн байдаг. Түүндээ үндэсний сонгодог хээ хуар дүрслэлийг дүрслэх урлагийн хэлбэрүүдээр чимэглэсэн. Тухайлбал, ДБЭТ, СТӨ, УДЭТ-ын барилгуудыг харж болно.  Үүнтэй нэгэн адил бид монгол уран бүтээлчид, уран дархчуудын ур ухааныг музейн барилгад шингээсэн.   МУЭ-ийн нэрэмжит шагналт , зураач Н.Төмөрбаатар тэргүүтэй 200 гаруй уран бүтээлчид музейд таван багц ажил хийж гүйцэтгэсэн.
Нэгдүгээрт, алтан шонхорын баримал байгаа.  Шонхор шувуу өөрөө шунгаж буудаг. Түүхэндээ “Тоонон дээр цагаан шонхор шувуу ирээд “Чингис чингис” гэж дуугарлаа” гэдэг сурвалж бий. Тэр бэлгэдлээрээ тооно, орой хэсэг дээр нь 5.8 метр өндөртэй алтан шонхор шувууны баримал байрлуулсан.  Дээр нь нар сарыг шүтээнээ болгож, энгэр дээр нь Их хааны онгин тамга бүтээсэн.    Онгин тамган  дунд “Эрдэнэт” үйлдвэрээс ирүүлсэн ногоон оюуг шигтгэсэн.  Яагаад гэхээр “Эрдэнэт” үйлдвэр маань монголчуудыг олон жил тэтгэж байна.  Тэр агуулгаар ногоон оюуг тус үйлдвэрээс авч шигтгэж өгсөн байгаа.  Ингээд Шонхор шувуугаа зэсээр хөөгөөд алтадсан.
Хоёрдугаарт, уран дархчууд маань барилга тойрсон 700 гаруй овог аймгийн тамгыг бүтээсэн.  Эртний хаадын үед нэг овгийн тамганы цаана хэдэн бүл аймаг байдаг билээ. Тэр хүмүүсийн оюун санааг энд шигтгэсэн гэсэн үг.
Гуравдугаарт, барилгын баганы доод талд чулуун хээтэй суурь бий.
1220 онд Чингис хаан Хархорум хотыг байгуулах зарлиг буулгаж байсан.  Энэ хотын туурийн малтлага судалгаа сүүлчийн 20 орчим жил нэлээд эрчимтэй явж байна.  Тэндээс олдсон уран барилгын чимэглэлүүдийг эвлүүлж, манай уран дархчууд архитектурын чимэглэлийн шинэ бүтээлийг бий болгосон. Тэнд ашигласан чулуунуудыг Төв аймгийн Эрдэнэ сумаас олборлосон, Монгол Улсын хамгийн бараан өнгөтэй боржин чулуу юм.  Энэ бүтээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван захиралтай “Үүдэн чулуу” гэдэг компанийн уран бүтээлчид бүтээсэн.
Дараагийн нэг том ажил нь яах аргагүй хаалга. Музейн хаалга маш сүрлэг сайхан бүтээл болсон.  Зэсээр хөөж, алтадсан. Хаалганы  хавтаснууд дээр нийт 16 алтадсан чимэглэл бий. Монгол Улсын эзэнт гүрний түүхийн ховор содон зургийг товгор хэлбэрээр цутгаж бүтээсэн.  Хаалганы босгыг хүртэл алтдаж, Хөвсгөлийн ногоон хаш, оюу шигтгэсэн.  Музейн хаалга бол бие даасан урлагийн бүтээл юм даа.   Мөн хаалганы дээр таван хааны тамга бий.  Чингис, Өгөдэй, Мөнх, Гүег, Ариг бөх  хааны тамгыг сүлд болгож хийсэн. Тамга бүхэн бүтэн агуулгатай. Тухайлбал,  Өгөдэй хааны тамгыг яагаад хоёр талд нь хүлэг мориор хамгаалуулж хийсэн бэ гэхээр Өгөдэй хааны үед Ази Европыг холбосон 37 өртөө байгуулж байжээ. Өөрөөр хэлбэл хүлгийн хурднаар дэлхийг холбож байсан гэдэг утгаараа тамгыг хүлэг мориор хамгаалуулсан байдлаар бүтээсэн.
-Музейн 12 мянган үзмэрийн 93 хувь нь эх үзмэр байна.  Музейн үзмэрүүдийг бүрдүүлэхэд хэр хүндрэлтэй байсан бэ?
– 2021 оны есдүгээр сарын 29-ны өдөр барилгыг байнгын ашиглалтад авах Улсын комисс ажиллаж, барилгыг албан ёсоор улс хүлээж авсан.Тэр үед академич С.Чулуун захиралтай “Чингис хаан музей” төрийн байгууллага байгуулагдан музейн хамт олон бүрдэж үзүүлэг дэглэлтийн ажлыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэж музей  нээлтээ хийж байна. Энэ хооронд эрдэмтэн судлаачид маань тасралтгүй ажиллаж байсан.  Мөн төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд музейн үзмэрүүдийг бүрдүүлэхэд маш их дэмжиж идэвх санаачилгатай ажилласан. Тухайн үеийн  УИХ Музейн хууль,  Соёлын тухай хууль, Киноны хууль баталсан.  Ерөнхий сайд маань Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо  дараа ч  музейн бүтээн байгуулалтын ажлаас анхаарал салгаагүй.
Мөн дараагийн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ энэ ажлын түүчээ болж ажилласан. Төрийн гурван том институци нэгдэж, нэгдмэл бодлого явуулж чадсан учраас энэ бүтээн байгуулалт амжилттай хэрэгжсэн.
Дараа нь 2021 оны нэгдүгээр  сарын 29-ны өдөр Соёлын сайдаар Ч.Номин сайд томилогдож, мөн л ялгаагүй энэ бүтээн байгуулалтыг хөрөнгө, санхүү, бодлого зохицуулалтын хувьд маш шуурхай алхмуудыг хийж, өнөөдрийг хүрсэн.  Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай шийдвэрүүдийг дор дор нь гаргаж, хөрөнгө санхүү, гадны музей галерейгаас үзмэр татан авах ажлыг зохион байгуулж байсан.
Гадаадын улс орнуудаас Гүег хааны бичсэн захидал, Өлзийт хааны бичсэн захидал, Аригуны бичсэн захидал гэдэг ч юм  уу бичгийн соёлтой холбоотой эд өлгийн хуулбаруудыг авчирсан.  Мөн шинээр  үзмэрүүд бүтээсэн.  Тухайлбал, 800-гаад жил газрын хөрсөн дор байсан торго дурдан, хээ хуартай эдлэл хэрэглэлүүдийг сэргээн засварлах, бүтэн дээл болгох, эсвэл хаад язгуурын хөрөг зургийг хийхдээ түүнд нь хээ хуарыг нь шингээх зэрэг эх сурвалжид үндэслэгдсэн ажлууд хийгдсэн.  Мөн ирээдүйд үнэ цэнтэй болох уран зургийн бүтээлүүд хийгдсэн.  Мөн үзмэрийн маш чухал нэг зүйл нь шилэн хорго. Гурван давхар  хатаасан шилээр хийсэн 79 шилэн хоргыг  далай гаталж авч ирсэн.  Одоо та бүхэн анзаарсан бол үзмэрүүд маань шилгүй мэт харагдана. Энэ нь музейн бас нэг чухал олон улсын стандарт юм.
Ер нь бид Чингис хаан гэдэг энэ том үзэл баримтлалыг бүтэн болгохын төлөө бүгд ажилласан.  Тийм  учраас бүтэн түүхийн энэхүү сувдан хэлхээгээр аялж, иргэд ард түмэн маань ч өндөр сэтгэгдэлтэй байна. Өмнө нь бид Чингис хаан, хаад язгууртны  тухай энэхүү бүтэн системтэй түүхийн мэдлэгийг хаанаас ч авч байгаагүй гэдэгт итгэлтэй байна.
сонин mn
-Ер нь томоохон бүтээн байгуулалтууд улс төрийн болон цаг үеийн янз бүрийн нөхцөл шалтгаанаас үүдэн зогсох, царцах тохиолдол бий.  Харин “Чингис хаан музей”-н бүтээн байгуулалт маань аливаа зүйлийн тохироо нь бүрдэнэ гэдэг шиг ажил нь урагшилсаар амжилттай хэрэгжжээ?
-Дэлхийн хэвлэлүүд манай музейн талаар бичиж байна.  “Ази тивдээ 10-т багтах томоохон хэмжээний бүтээн байгуулалт болсон. Талбайн хэмжээ болон эх үзмэрийн хувиараа ч томоохонд тооцогдох музей” гэсэн нийтлэлүүд гараад эхэлжээ.  Таны хэлснээр яг л бүхий зүйлийнх нь тохироо бүрдсэн.  Чингис хаан гэдэг нэр өөрөө дэлхийн брэнд.  Сүүлийн 30 жил бид Чингис хаанаараа бахархан олон улсад нэрийг нь гаргаж байгаа ч зориод ирэх хүмүүст үзүүлж харуулах  зүйл үнэндээ байсангүй.  Харин зоригтой алхам хийж, хамтаараа нийтээрээ, бүгдээрээ зүтгэвэл болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг энэ бүтээн байгуулалт харууллаа.  Энэ бүтээн байгуулалтад бие сэтгэлээрээ оролцсон хүмүүст Монголын түүх талархах ийм цаг хугацаа ирнэ гэдэг итгэж  байна.  Музей гэдэг өөрөө тухайн улс үндэстний бий болгосон түүх, зан заншил, соёл уламжлал энэ бүхнийг бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, судлах шинжлэх, сурталчлан таниулах,  соён гэгээрлийн ийм том орон зай юм.  Энэ орон зай бол бүхэлдээ хүний хөгжлийн орон зай гэдгийг мөн хэлмээр байна.
-Бид 24 жилийн дараа  бие даасан Соёлын яамтай болсон. Соёлын чиглэлд бүтээн байгуулалтын ажил нэлээд өрнөж байна.  Бусад бүтээн байгуулалтуудын талаар тодруулахгүй юу?
-1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж байсан энэ үеэс соёлын салбарын түүх эхэлжээ. Ингээд 1956 онд сайд нарын зөвлөлийн шийдвэрээр Соёлын яам байгуулагдаж байсан.  Түүнээс хойш зарим цаг үед соёл урлагийн хороо болж, бусад яаманд нэгтгэсэн хэлбэрээр бодлого, үйл ажиллагаа явуулж байв.   Гэхдээ Монгол төрийн соёлын бодлого бол тасраагүй.  Ингээд 2020 оны долдугаар сард шинэ байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Соёлын яам маань бие даан байгуулагдаж сайдаар С.Чулуун Дэд сайдаар миний бие томилогдож байсан.
“Чингис хаан музей”-гээс гадна Байгалийн түүхийн музей,  Үндэсний урлагийн их театр,  Улсын төв номын сангийн барилгын ажлыг улсын төсвөөс барьж байгуулж байна.  Үүнээс гадна Дуурийн театр, Драмын театр, Занабазарын музей, Чойжин ламын сүм музей, Богдын музейг сэргээн засварлах ажил хийж байна.  1950-аад онд баригдсан уран барилгын дурсгалуудыг хүчитгэж, шинэчлэх ажлууд соёлын салбарын хөрөнгө оруулалтын цөм байх учиртай гэсэн бодлогыг манай яамнаас хэрэгжүүлэн ажиллаж байна.  Энэ хүрээнд 1996 онд татан буугдсан Хуучны дурсгалт барилгыг сэргээн засварлах газрыг сэргээж, Соёлын өвийн үндэсний төв дээр Барилга архитектурыг сэргээн засварлах газар нэртэй байгуулсан.  Цаашид “хүн эмчилдэгтэй” л адилхан дурсгалт газруудаа сэргээн засварлаж, ажиллана.
-Байгалийн түүхийн музейн барилгын бүтээн байгуулалт мөн нэлээд олон жил яригдлаа.  Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
– 2018 онд Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барьж байгуулах шийдвэр гарсан.   Иж бүрэн зураг төслийн ажил хийгдсэн. 2020 оноос эхлээд нийтдээ долоон удаа тендер зарласан. Хил гаалийн нөхцөл байдал, ханшийн өөрчлөлттэй холбоотой юу манай компаниуд том төсөл рүү зориглон орж чадахгүй байна.  Энэ бол яах аргагүй том бүтээн байгуулалт. Гэхдээ 2023 оны улсын төсөвт, шинэчилсэн байдлаар төсвөө тусгаад явуулж байна.  Сая найм дахь удаагаа тендер зарласан.  Байгалийн түүхийн музей бол гэр бүлээрээ зорьж очиж үздэг, өсвөр үеийхэнд экологийн боловсрол хүмүүжил олгодог чухал орон зай учраас нийгмийн хэрэгцээ шаардлага бол их бий.  Тэгэхээр бүтээн байгуулалтын ажлын ирэх онд нэлээд эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Мөн Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт үргэлжилнэ. Одоогоор энэ театрт маань УДЭТ-тай нэг тайзан дээр хоёр театр уран бүтээлээ хийж байна. Ахиад нэг айл буюу Хүүхэлдэйн театр хамт байна. Үндэсний хэмжээний мэргэжлийн урлагийн гурван театр нэг байшинд байгаа нь бас нэгэн асуудал юм. Шинээр баригдаж буй Үндэсний урлагийн Их театр 800, 1200, 2500 хүний суудалтай гурван танхимтай. Дэлхийн стандартад нийцсэн том хэмжээний ордон байх юм. Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Ногооннуур орчимд барьж байгуулна. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 10 орчим га орчим газар олгогдсон.  Тэнд байх 159 нэгж талбарын  газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна.  Энэхүү бүтээн байгуулалтыг өмнө нь улсын төсвөөр санхүүжүүлж байсан бол 2021 оноос эхлэн БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд  үргэлжлүүлэхээр болсон.   Мөн Үндэсний номын сангийн бүтээн байгуулалт маань 2013 онд эхэлсэн. Одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй байна.   Энэ мэтчилэн Соёлын салбарт хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд маань шил шилээ даран нээлтээ хийх цаг хугацаа ойрхон буй болов уу.
Эцэст нь хэлэхэд энэ гурван жилийн хугацаанд Чингис хаан музейг барьж байгуулах эрхэм үйлсэд сэтгэл зүтгэл, гар бие оролцсон бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ