“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн уралдааны 2022 оны шилдэг бүтээлийг өнөөдөр “Чингис хаан” музейд шалгаруулж, бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Энэ жилийн уралдааныг “Чингис хаан ба Монголын их амар амгалан” сэдвээр зохион байгуулсан бөгөөд уран бүтээлчид, ЕБС-ийн багш нар, 8-12 дугаар ангийн сурагчид гэсэн гурван төрөлд 333 бүтээл ирснээс шилдгийг шалгаруулав. Мөн энэ жил уралдаанд анх удаагаа үсгэн урлалын бүтээлүүдийг хүлээж авсан бөгөөд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы уран бүтээлч, ЕБС-ийн багш, сурагчид мөн оролцлоо.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:

“Монгол Улсын Соёлын яам нь бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх хүрээнд үндэсний бичгээ сурч эзэмшин түгээн дэлгэрүүлэхийг тэргүүн зорилго болгож, залуу хойч үедээ үндэсний бичгээ өвлүүлэн үлдээх бодлогын томоохон ажлуудыг тасралтгүй хийж байгаа. Энэ хүрээнд Монголын баялаг болсон монгол соёлоо дэлхий дахинд, улс бүрд хүргэх, соёлын олон төрлийн илэрхийлэлд хүндэтгэлтэй ханддаг иргэдийг төлөвшүүлэхэд онцгой анхаарч, “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулахад хамтран ажиллаж байна.

Энэ жилийн үзэсгэлэнд ирсэн бүтээлүүдээс харахад монгол соёл, бичиг үсгийг сонирхогчид дэлхийн олон оронд байгаа төдийгүй жилээс жилд оролцогчдын тоо төрөл өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ энэ жил шинээр “үсгийн урлал” төрлийг нэмсэн нь үндэсний бичиг маань дэлхийн өнцөг булан бүрд түгэн дэлгэрэхдээ цаг үе, нийгмийн хөгжлөө даган орчин үеийн технологийн дэвшилтэй уялдан хөгжиж, дэлгэрч байна” гэлээ.

“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн уралдааны шилдэг бүтээл, бүтээлийн эздийг шалгаруулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо болон хэл, шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд оролцов.

“Мөнх тэнгэрийн бичиг-2022” үзэсгэлэнд байр эзэлсэн оролцогчид:

8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:

  • Тэргүүн байранд Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ “Чингис хаан” бүтээлээр
  • Дэд байранд Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч М.Энхжаргал “Чингис хааны их өчиг” бүтээлээр
  • Гуравдугаар байранд Нийслэлийн Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ “Чингис” бүтээлээр шалгарав.

11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:

  • Тэргүүн байранд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ү.Энхжин “Жамухын өчил” бүтээлээр
  • Дэд байранд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ичинноров “Монголын их амар амгалан” бүтээлээр
  • Гуравдугаар байранд Нийслэлийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Номин “Монголын нууц товчоо” бүтээлээр шалгарлаа.

Багш нарын ангилалд:

  • Тэргүүн байранд Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн монгол уран бичлэгийн багш Ү.Мөнхбалжир “Оюун түлхүүр” бүтээлээр
  • Дэд байранд Ерөнхий боловсролын “Томүжин” сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Г.Сайнжаргал “Хархорум” бүтээлээр
  • Гуравдугаар байранд Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Даваачулуун “Чингис хааны билиг сургаал” бүтээлээр шалгарав.

Уран бүтээлчдийн ангилалд:

  • Тэргүүн байранд “Зүүн хүрээ” хийдийн бурхан урлаач М.Эрдэмбилэг “Чингис хааны билиг сургаал” бүтээлээр
  • Дэд байранд “Бичиг соёл” төвийн уран бүтээлч М.Буянхишиг “Чингисийн их өчиг” бүтээлээр
  • Гуравдугаар байранд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын дэсийн төлөөлөгч А.Мэргэнбат “Эзэн Чингисийн сан оршвой” бүтээлээр тус тус шалгарлаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn