Зээлийн батлан даалтын сангаас “Ажлын байрыг дэмжих” зээлд 300 сая хүртэлх төгрөгийн батлан даалт гаргаж байна

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төлөвлөгөө зарлагдсанаас хойш буюу 8-р сарын 27-ны өдрийн байдлаар 18,000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид 1,823.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тухайн зээлүүдийн ард 125 мянган ажлын байр хамгаалагдсан байна.  Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч байгаа ч зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж үргэлжлүүлэн олгох шийдвэрийг гаргаад байна.  

“Ажлын байрыг дэмжих” зээл нь жилийн 3%-ийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байх бөгөөд аж ахуйн нэгжүүд 500 хүртэлх сая, бичил бизнес эрхэлдэг иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс зөвхөн НӨАТ төлдөг байх гэсэн шалгуурыг тавьж байна. Харин бизнес эрхлэгч иргэдийн хувьд тус зээлийг хэрэглээндээ зарцуулах бус зөвхөн бизнесээ идэвхжүүлэхэд зориулах шаардлага тавина. Үүнээс гадна арилжааны банкаар дамжин зээл олгох учир банкнуудын шаардлагыг хангасан байх ёстой. Арилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн батлан даалт гаргах боломжтой. Харин Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгах аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан байх ёстой. 

Зээлийн батлан даалтын сангаас батлан даах дээд хэмжээ 300 сая төгрөг.

Зээлийн батлан даалтын сантай холбогдох утас: 7700-2035


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn