“Мөрөөрөө хөдөлмөрлөж яваа 9000 жолооч нараа шалгахын оронд энэ хулгайч нараа шалга”

Хяналтын сонгол Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Сонсголд оролцогч иргэд асуулт асууж, үг хэлж байна.

Гашуунсухайтын нүүрс тээвэрчдийн төлөөлөл н.Саарал “Та нар нүүрс тээврийн хулгайн талаар их ярьж байгаа. Бид Монгол Улсад нэг өдөрт 27,5 тэрбум төгрөг оруулахын тулд өдөр шөнөгүй, нойр хоолгүй, үр хүүхэд хань ижлээсээ хол хөдөлмөрлөж байгаа залуучууд. Бид энэ хулгайг хийсэн болж таарч байна уу? 9000 жолооч буруутай гэх балай юм яриад байгаа Х.Нямбаатар сайд хаана байна. Мэдрэл муутай. Жинхэнэ хулгайчаа хэлээчээ. Ульхан сар, Тэнгэрийн транс компанийн энэ А.Адъяасүрэн хүн гишүүн хаана байна.

Нүүрсний хулгай ид яригдаж байхад Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан байсан. Тэд хаана байна. Ярих, хариуцах хүн алга. Манай амны цавчаачдын төлөөлөл Ажнай Д.Бат-Эрдэнэ ах ирсэн байна. Сайн байна уу, та. Таны уурхайн аман дээр байгаа хүмүүс 100-150 долларын авлигалыг нэг рейс тутамд авдаг. Таниас үүнийг цэгцлээд өгөөч гээд 2019 оноос хойш шаардаж байгаа. Та хуруугаа ч хөдөлгөхгүй байна.

Сүүлдээ орон нутгийн Тавантолгойг хулгайч энэ тэр болгосон хуйвалдааныг мундаг хийх юмаа. Одоо нүүрсээ хулгайлаагүй болоод явчихсан уу? Ярьж байгаа юмандаа хариуцлагатай хандаачээ. Та нараас ичээд байх юм. Би 14 мянган тээвэрчдийн хэлэхийг хүссэн үгийг хэллээ. Залуучууд нэг ч тонн нүүрс хулгайлаагүй. Улсын төсвийнхөө 40 хувийг бүрдүүлсэн. А.Адъяасүрэн, Д.Сумъяабазар, Б.Энх-Амгалан, Б.Асралт нарыг шалга. Б.Асралт гаалийн дарга хилээр нүүрс гарч байхад яагаад мэддэггүй юм бэ? Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналтын газрынхнаа шалга. Хэрэгтэй хүмүүсээ шалга” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn