Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс жагсаалаа тараахыг шаарджээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс төв талбайд 17 дахь хоногтоо үргэлжилж буй жагсаалыг тараах шаардлага тавьжээ.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам сахиулах албаны дарга, хошууч Б.Лхагважав “Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасны дагуу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ энэ эрхийг жагсаал, цуглаан зохион байгуулах журмаар зохицуулдаг. Үүнийг жагсагчдад удаа дараа зөвлөмж, анхааруулга хэлбэрээр хүргэсэн. Тиймээс жагсагчдад холбогдох шаардлагыг хүргүүлсэн. Тухайлбал, жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн 13.1 дэх хэсэгт зааснаар нийгмийн хэв журам хамгаалах хуулийн байгууллага жагсагчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүрэгтэй. Энэ зүйл заалт хууль бус жагсаалд үйлчлэхгүй.

Сүүлийн өдрүүдэд өрнөж буй жагсаал нь хууль бус буюу хүний нэр төрд халдах, жагсаалд оролцогчид өөрийн болон бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй үйлдлүүдийг гаргах болсон. Цаашид энэ байдал даамжирвал хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй.

Тиймээс төв талбайд үргэлжилж буй жагсаалыг иргэд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байна гэх үндэслэлгүй бөгөөд хүний эрхээр халхавчлан, хууль бус, нийгмийг талцуулсан үйл ажиллагаа хийж байна гэж үзэж байна. Иймд цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс өмнө олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

Мөн жагсаалаас шалтгаалж Сүхбаатарын талбайд товлоод байсан олон улсын фестиваль арга хэмжээнүүдийг цуцлахад хүрсэн. Үүнээс гадна цаг агаар хүйтэрч байгаагаас шалтгаалж жагсагчдын биеийн байдал муудах эрсдэлтэй. Тиймээс эдгээр шалтгаан нөхцөлийг харгалзаж жагсагчдад төв талбайг чөлөөлж өгөхийг хүсч, албан мэдэгдэл шаардлага хүргүүлсэн” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn