
Шах Аламын Дээд шүүхээс 2006 онд амиа алдсан Монголын загвар өмсөгч Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн талд шийдвэр гаргаж,, 1.5 сая сингапур доллар төлөхийг засгийн газар болон бусад гурван хүнд даалгасан.
Талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, түүний хуульч Б.Баярын хамт мэдээлэл өглөө.
Тэрбээр “Надтай хамт хуульч хүнийхээ хувьд, хүн чанарынхаа хувьд 17 жил хамт ажилласан хуульч Б.Баярын хамт мэдээлэл өгч байна.
Бид 1990 онд огт танихгүй нийгэмд сэтгэлийн хөөрлөөр огт туршлага,судалгаагүйгээр, гарч болох эрсдэлийг үл тооцож тэр үед бидний хэлдэг байснаар капиталист орнуудын хаалгаар өөрсдөө гүйж орцгоосон байдаг. Үүнийг бүх л хүн мэдэж байгаа. Бид өлсөж, ядарч үзсэн. Энд тэнгүй явж товчхон хэлбэл бүгд л амьдрахын төлөө зүтгэцгээсэн он жилүүд байлаа. Тэдний нэг нь миний охин байсан. Миний гэнэн охин яг л тэр хүмүүсийн адил амьдрахын төлөө зүтгэж явсан. Би охиноо их санадаг, санахгүй байхын арга байхгүй. Түүнийхээ гэгээн дурсгалд зориулж нэг минут хүндэтгэл үзүүлье.
Энэ хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж бүтэлгүй талдаа явж ирсэн. Боломж ч ховор байв. Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй ирсэн. Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. “Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан” гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн. Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Тэд Малайзын төрийн мэдэл бүхий, бүгдийг мэддэг тэр хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ингэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгааж эхэлсэн.
Миний охин хийсэн ажлынхаа хөлсийг авна гэж тохирсныхоо дараа төлбөрөө нэхэмжилсэн. Миний охин Орос, Хятадад сурч байсан, орос, англи, хятад хэлтэй сэргэлэн хүүхэд. Баригдахаасаа өмнөх өдөр цагдаад очиж өөрөө компьютер дээр шивж өгсөн байдаг. “Миний амь нас аюултай байдалд байна. Хэрвээ ямар нэг эрсдэл учирвал Багиндатай холбоотой” гээд өөрөө бичиж өгсөн байдаг” хэмээн ярилаа.