Нүүрсний хулгайн хэрэгт С.Батболд, П.Анужин, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар нарын мэдээллийг АТГ-т шилжүүллээ гэв

2022-12-16

Нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдуулан Х.Баттулгын талын Ардчилсан Нам (АН)-аас МАН-ын нэр бүхий гишүүдийн мэдээллийг АТГ-т шилжүүлж, шалгуулах тухай мэдээлэл хийлээ.  

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Нүүрсний хулгайн хэрэгт УИХ-ын гишүүн С.Батболд, П.Анужин, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар нар холбогдсон гэдгийг манай нам зарласан.

Эдгээр хүний нүүрсний гэх хэрэгт холбоотой болох баримт материалыг АТГ-т хүргүүлэх гэж байна. Бид өгсөн гомдол, мэдээллийн талаар хяналт тавьж, гарсан шийдвэрийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэх болно” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Барчин “Лхүмбийн хэрэг, Гэндэнгийн хилс хэргийг та бүхэн санаж байгаа байх. Тухайн хүмүүст зориулан зохиол нь бичигдэж, олон нийтэд зарладаг.

Үүнтэй ижил хэрэг өнөөдөр ч гарсаар байна. Найруулагчаар нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ажиллаж байгаа гэдгийг нийгмийн сүлжээнээс мэдэж болно. Жүжигчин Цогтоогийн хувьд Х.Нямбаатар сайдаас ажлын хөлсөө авч, сонгуулийн сурталчилгаанд нь тоглосон гэдгээ илэрхийлсэн. Гэтэл Цогтоод өгсөн 100 сая төгрөгийн ажлын хөлсний мэдээллийг Х.Нямбаатар сонгуулийн штабын тайландаа оруулаагүй байна.

Үүнийг цааш шалгавал УИХ-ын гишүүнээс нэрээ татах хэмжээний зөрчил байна гэж СХД-ийн АН-ын гишүүд үзсэн. Тиймээс манай намын гишүүд Х.Нямбаатар сайдыг 100 сая төгрөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ