Буриад, Чечень үндэстнүүдийн талаар хэлсэн үгэндээ Ромын Пап уучлалт гуйжээ

Арваннэгдүгээр сард нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ромын католик сүм хийдийн тэргүүн Пап ламтан Украинд үргэлжилж буй дайнд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг буриад, чечень зэрэг үндэсний цөөнхийн төлөөлөл хамгийн их харгислал үйлдэж байгаа тухай ярьсан. Түүний хэлсэн үг нэр дурдагдсан үндэсний цөөнхийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Пүрэв гарагт ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова дипломат шугамаар Ватикан уучлалт гуйсан тухай сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Хэдхэн цагийн өмнө бид Ватиканаас дипломат шугамаар захидал хүлээж авсан. Папын ярьсан зүйлтэй холбоотой Кардиналын төрийн нарийн бичгийн дарга Петро Паролинаас ирүүлсэн захидалд Оросын талаас Ватикан уучлалт гуйжээ. Пап дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил Оросын ард түмэн, тэдний нэр төр, итгэл үнэмшил, соёлыг дээдлэн хүндэлдгээ илэрхийлсэн байна” гэж тэр хэллээ.

Захарова цааш нь хэлэхдээ “Энэ асуудал хаагдсан гэж бид үзэж байна. Ватикантай бүтээлч хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт бид найдаж байна” гэжээ. Захаровагийн мэдэгдлийн дараа Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни шашны тэргүүн уучлал гуйсныг баталсан байна.

“Энэ асуудалтай холбоотойгоор талууд дипломат шугамаар харилцсан болохыг би баталж байна” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: ТАСС


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn