УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Бид хонь шиг байж байгаад төхөөрүүлэхгүй, жинхэнэ хулгайч нараа зарла

2022-12-15

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг найман асуудлыг хэлэлцэнэ. 

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд горимын санал гаргадаг. Үүний дагуу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Н.Наранбаатар, С.Одонтуяа, Ш.Раднаасэд, Н.Алтанхуяг, Ц.Анандбазар, Н.Ганибал, Ц.Сэргэлэн, Ц.Батсуурь нэг үг хэллээ.

УИХ-ын Б.Пүрэвдорж “МАН долоон жилийн турш үнэмлэхүй олонхоор санал авч, төрийн эрхийг барьсан. Бүх шатанд төр барьж, хууль хяналтын байгууллагыг атгаж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ, Концессын гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний асуудлыг бид цэвэрхэн, сөрөг хүчин муухай гэж ярьдгаа хэзээ болих юм бэ. Энэ хугацаанд АН-ынхан бүгд гудамжинд гарсан. Тэднийг шалгаад шилийг нь харахгүй яасан юм бэ. Зөндөө шалгаад юу ч гараагүй биз дээ. Би хоёр жил Гашуунсухайтын хулгай луйврыг ярьсан. Гэмт хэргийн шинжтэй асуудлыг ярьж байхад яагаад өнөөдрийг хүртэл АТГ хяналт тавиагүй юм бэ. Тэнд нь хяналт тавиагүй Хилийн тагнуулын газрын даргадаа хариуцлага тооцол доо.

Нүүрсний машиныг яагаад бүртгэлгүй гаргасан юм бэ. Гаалийн даргадаа хариуцлага тооц. Намайг Б.Ганхуяг хоёр удаа цагдаад өгсөн. Би тодорхой мэдээллийг цагдаад өгөөд байхад шалгаагүй цагдаагийн даргадаа хариуцлага тооц. Хилийн хяналтын албаны дарга, ХӨСҮТ-ийн дарга нарт хариуцлага тооц. Татварын дарга, Авто тээврийн үндэсний төвийн даргадаа хариуцлага тооц. Өнгөрсөн 2016 онд машин болгон авдаг энгийн цаас байсан С зөвшөөрлийг авлигын схем болгож, жолооч болгон хоёр сая төгрөгийн авлига төлдөг болгосон. Яагаад энэ төвийн даргадаа хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Өнөөдрийн өөрсдийн гар хөл болсон дарга нартаа хариуцлага тооцохгүй байж олон нийтийн хяналтад байдаг орон нутгийн өмч дээр Бүрэн эрхэт төлөөлөгч томилж байхын орон хариуцлагаа тооц гэж Засгийн газраас шаардаж байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Сүүлийн үед Монголын хөгжил дэвшилд хэрэгтэй хуулиудыг хэлэлцэх гэж байна. Батлах нь зүйтэй. Хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулинд орлого зарлагыг нотолдог байх нь зүйтэй. Бид ардчиллын нийгэмд шилжээд улс орны эдийн засаг хөгжсөнгүй. Өсөлт, өгөөж байхгүй. Нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд тэргүүлдэг. Нийт хүн амын 42 хувь нь ядуурсан. Үйлдвэрлэл байхгүй. Хэрэглэгч улс болсон. Экспорт, импорт нь хамааралтай болчихсон. Мянган хүнд ногдох халдварт өвчний тоогоороо дэлхийд тэргүүлдэг.

ОУВС-гийн хөтөлбөрт зургаан удаа орсон. Долоо дахь удаагаа орох магадлал өндөр. Түгжрэл, утаа гээд маш их асуудал бөөгнөрсөн. Нийт баялгийн 90 хувь нь хүн амын нэг хувьд ногдож байна. Энийг олон улсад олигархажсан загвар гэдэг. Гэтэл газрын баялгаараа дэлхийд 10-т ордог. Хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь хулгай. Сүүлийн гурван жил энэ талаар хангалттай ярьсан ч байхгүй. Өнгөрсөн 30 жил төрөө удирдаж чадсангүй. Сая АТГ-аас таван хүний нэрийг зарласан. Энэ нэрийг зарлаад жагсаалыг тараана гэвэл горьдсоны гарз шүү. Жинхэнэ хулгайч нар нь цаана үлдлээ. Хэдэн жараахайгаар тоглочихлоо. Тулууд нь цаана нь хэвтэж байна гэдгийг жагсагчид хэлж байна. Өөрийн бодлоор ажлаа хийдэг УИХ-ын таван гишүүнийг хаяж өгч байгаа юм байна. Ингэхгүй шүү. Бид хонь шиг байж байгаад төхөөрүүлэхгүй. Жинхэнэ хулгайч нараа зарла. Жирийн нэг гаалийн байцаагч нүүрсний машиныг хилээр гаргачихна гэж байхгүй. Том улстөрчид оролцсон байгаа. Энийг би хэлнэ. Би амьдралдаа хулгай хийж байгаагүй, хийж чадахгүй.

Нүүрсний хулгай бол эх орноосоо урвасан хэмжээний гэмт хэрэг шүү. Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулахдаа улстөрчдийн гар хөл болдоггүй хүмүүсийг томилох хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэх Төрийн өмчит аж ахуйн нэгж шинээр байгуулахгүй гэсэн тогтоолын төсөлтэй холбоотойгоор би Төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд оролцохгүй байх ёстой гэдэг тогтоолын төслөөр дөрөвдүгээр сард санал авсан. Энийг хамтатгаж, хэлэлцэж өгөхийг УИХ-ын даргаас хүсч байна. Монголд төрийн өмчит аж ахуйн нэгж нь эдийн засгийн 50-иас дээш хувийг эзэлдэг. Үүнийг дагасан хулгайн асуудал нүүрлээд байна. Өнөөдөр төр, орон нутгийн өмчит 380 орчим аж ахуйн нэгж бий. Эдгээрээс том нэг аж ахуйн нэгжийн хөгжлийг сөхөхөд юу гарч ирж байгааг хараад улсаа сүйтгэх хэмжээнд хүрч байна.

Нэг тонн нүүрс тутмаас 3-5 ам.долларын авлига авдаг гэдэг яриа тогтчихсон байсан. Энэ бол асуудал. Ард иргэдэд яагаад гэсэн олон асуулт үлдэж байна. Яагаад гэрээнүүдийг илрүүлэхэд хойрго хандаж байна вэ. Эрх баригчид зургаан жилийн хугацаанд улсынхаа эдийн засагтай тэнцсэн хулгайн асуудлыг илрүүлээгүй юм бэ. Аль эсвэл чадваргүй хүмүүс байна уу” гэсэн.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 17 хүний нэрийг зарласан. Үүний нэгэнд миний нэр орсон. Хэвлэлээр олон удаа ярьсан. Нэр зарласан хүмүүсийг ямар шалтгаанаар холбосныг хэлээгүй. Тайлбар мэдүүлэг ч аваагүй. Холбогдох албан тушаалтан нь байхгүй, бид буцсан. Бид АТГ-т асуулга тавихаар бэлдсэн. Хариугаа авна. Намайг яагаад холбогдуулсан юм бэ гэхээр Өмнөговь аймагтай хамаатуулж байгаа байх. Энэ хулгайд миний бие оролцоогүй. Хууль хяналтын байгууллагад тултал нь шалгуулна. Жинхэнэ хулгайчдыг зарлахын төлөө ард түмэнтэйгээ хамтарч ажиллана.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх удирдлагыг төрөөс томилж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шийдвэр нь гарч, Засгийн газраас мэддэг. Тийм учраас Өмнөговь аймгийн удирдлагууд энэ асуудалд оролцдоггүй. Орон нутгийн “Тавантолгой” 2700 орчим хувьцаа эзэмшигчтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулдаг” гэлээ.

 

Холбоотой мэдээ