
АТГ өнгөрсөн мягмар гаригт нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбоотой 17 албан тушаалтныг нэрлэсний дотор Ерөнхийлөгч асан Х.Баттулга багтсан. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн мэдүүлэгт үндэслэн ийнхүү сэжигтнээр нэрлэсэн гэж буй.
Тэрбээр Эрүүгийн хуулийн 22-т заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдүүлэхээр ийн хамсаатнуудаа илчлэх болсон гэж мэдээлж байгаа билээ. Тиймээс АТГ-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж байцаалт авахаар болжээ.
Экс Ерөнхийлөгчийг Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг ҮАБЗ-ийн дарга байхдаа төрийн нууцад хамруулж, мөнгө угаасан байж болзошгүй. Мөн Хөгжлийн банкны өөрийн хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан зээл авч шамшигдуулсан гэх хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хэмээдэг.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-аас дуудахад “Зангиагаа зүүгээд гутлаа тослоод явж АТГ-т байцаалт өгье” гэж байсан удаатай. Харин Х.Баттулгын тухайд түүн шиг байж чадах эсэх бас ч сонирхолтой.