Өмнөх 2018 оны дэлхийн аварга Франц, “Атласын Арслангууд” буюу Марокког хожиж финалд шалгарлаа

Өвөл болсон хөлбөмбөгийн “Катар-2022” ДАШТ-ий финалд Аргентин болон Францын шигшээ багууд тоглохоор шалгарлаа. Хүрэл медалийн төлөө Хорват, Мароккогийн багууд тоглоно.

Франц 2 – 0 Марокко

Өмнөх ДАШТ-ий аварга Францын баг аваргаа хамгаалахаар финалд шалгарлаа. Франц тоглолт эхлээд удаагүй байхад буюу тав дахь минутад Тио Эрнандесын оруулсан гоолоор тэргүүлж эхэллээ. Түүний ах Лукас Эрнандес ДАШТ-ий эхний тоглолтод өвдгөндөө бэртэл авч цааш тоглох боломжгүй болсон учир Тио ахынхаа байрыг нөхөх болсон.

AL KHOR, QATAR – DECEMBER 14: Theo Hernandez of France scores the team’s first goal past Yassine Bounou of Morocco during the FIFA World Cup Qatar 2022 semi final match between France and Morocco at Al Bayt Stadium on December 14, 2022 in Al Khor, Qatar. (Photo by Matthias Hangst/Getty Images)

Мароккогийн хаалгач Яссин Бунугийн хаалганд энэ ДАШТ-ий эхний эсрэг багийнх нь тоглогчийн гоол орлоо. Үүнээс өмнө түүний хаалганд багийнх нь анд Найеф Агуэрд авто гоол оруулаад байсан билээ.

Мароккогийн хамгаалалт, довтолгоо тун сайн байсан ч гоол оруулах аз дутав. Жавад Эль Ямикигийн унаж татсан гайхалтай цохилтыг Уго Льорис хааж багаа аварсан. Хэрэв энэ гоол орсон бол энэ дэлхийн аваргын төдийгүй бүх цаг үеийн шилдэг гоолуудын нэг болох нь тодорхой байлаа. Францаас Антуан Гризманн тун онцгой байсан. Тэрбээр багийнхаа довтолгоог зохион байгуулж, хамгаалалтад тун сайн тусалж байлаа.

Мароккогийн довтолгоо эрчимжсэн учир Дидье Дешам сэлгээ хийж, тоглолтын хэмнэлийг өөрчлөхийг хүссэн. Тэрбээр Маркус Турам, Рандал Коло Муани нарыг оруулсан нь үр дүнгээ өгч Муани талбайд гараад эхний хүрэлтээрээ гоол оруулж, тооны харьцааг 2-0 болгов.

Мароккогоос Аззедине Унахи гоол байж болохуйц тун хүчтэй цохилтыг гүйцэтгэсэн ч Францын хамгаалагч Жуль Кунде яг хаалганы цагаан зураасан дээрээс хамгаалж, бөмбөгийг аюулгүй болголоо. Ийн тоглолт 2:0 харьцаагаар дуусч Франц дахин финалд шалгарлаа.

Тус тоглолтыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хүрэлцэн ирж үзэв. Тоглолтын дараа тамирчид дээрээ орж, баяр хүргэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn