С.Амарсайхан: Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, шалгах ёстой

2022-12-14

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг ипотекийн зээлийн эргэн төлөлтийн 170 тэрбум төгрөгөөр мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн тул огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой гэлээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа дараах мэдээллийг оруулжээ.

-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкнуудтай үгсэн, хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадалгүй алдсан тул огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой.

Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад байдаг.

Гэтэл нөгөө талд нь иргэд өдөр шөнөгүй зүтгэж олсон мөнгөө ипотекийн зээлийн төлбөрт сар бүр төлдөг ч багагүй хувь нь хулгайн сүлжээг тэжээдэг. Иргэдийнхээ орон сууцны 8 хувийг 2 хувиар бууруулж, дээрэмдүүлсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч, зөрүүг нь төлүүлэх тухай асуудал хөндөхөөр хөдөлж өгдөггүй, цайрчихсан байж болохгүй. Үүний цаана орон сууцтай болох хүсэл мөрөөдөл дүүрэн мянга мянган залуу гэр бүлийн асуудал яригдана.

Хийсэн хулгай дээрмээсээ айдаггүй, хуулиас ч эмээдэггүй, ард түмний хэтэвчээс эхлээд айл өрхийн данс, аж ахуйн нэгжийн бизнес, улс орны сан хөмрөгт хүртэл шуналын савраа дүрсэн дээрэмчдийн мэргэшсэн сүлжээг ил гаргах шаардлагатай. Ингэж нэг мөр цэвэрлэж байж Засгийн газрын авлигатай тэмцэх, нийгэмд эрх тэгш, шударга ёсыг тогтоох бодлого бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэжээ.

Шадар сайдын ахалсан Ажлын хэсгээс найман хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, шинээр зээл авах иргэдэд урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэх дүгнэлт гараад буй.

Холбоотой мэдээ