
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг танилцуулав.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
Авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөл, уучлалд хамруулахгүй байх заалтыг тодотгож оруулж байна. Энэ бол талбай дээр жагсаж буй хүмүүсийн шаардлага. Мөн эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэл хугацаагаар оногдуулж болохоос гадна Төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа.
Ялын бодлогыг чангатгах асуудлыг авч үзлээ. Эрүүгийн хуулийн 22.1-т торгох ял оногдуулдаг. Эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд торгох ял хүлээх ямар ч боломжгүй болж, энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгож байна.
Авлига албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулахгүй байх өөрчлөлтийг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна. Их хэмжээний авлига авчхаад 40 саяар торгуулиар суллагдчихлаа гэдэг шүүмж байдаг. Авлигад авсан, гэмт хэргийн замаар олсон бүх хөрөнгийг хураадаг. Мөн Засгийн газраас өөрийн орлогоос давсан автомашин унаж, хөрөнгө эзэмшиж байвал шалгах чиглэлийг өгсөн.
Ерөнхийдөө УИХ-д нөлөө бүхий этгээдүүд халдашгүй байдал нэрээр асуудлаас сугарч үлддэг, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж удаашруулдаг зүйл ингээд дуусгавар болж байна.