Аргентин 3 – 0 Хорват
Энэ удаагийн ДАШТ-ий эхний тоглолтдоо Саудын Арабад хожигдож эхэлсэн Аргентины шигшээ, тус багийн ахлагч Лионель Андреас Месси дараагийн тоглолтуудад зорилгынхоо төлөө шамдсаар эцсийн бүлэгт цомд хүрэхэд ганц тоглолтод хожих л үлдлээ. Энэ бол Мессигийн ч Аргентины ч, талийгаач домог Марадонагийн ч мөрөөдөл биелэх тэр цаг.
Өнгөрсөн 2018 оны ДАШТ-ий дэд байрын эзэн Хорваттай хийсэн энэ тоглолтод Месси эхний гоолыг 34 дахь минутад торгуулийн цохилтоос оруулж, энэ ДАШТ-д тав дахь гоолоо орууллаа. Хулиан Алварез алдаа авснаар цохих эрхтэй болсон юм. Түүнийг торгуулийн талбай дотор Хорватын хаалгач Доминик Ливакович унагааж, шар хуудас хүртсэн.
Хожигдож эхэлсэн Хорватыг гоол оруулах боломж эрэлхийх зуур 39 минутад Алварез хамгаалалтын алдааг нь ашиглаж, тооны харьцааг 2-0 болголоо. Ийнхүү эхний үе Аргентины тэргүүллээр дууссан.
Хоёрдугаар үед Хорват Месси рүү чиглэсэн хамгаалалтаа үргэлжлүүлэх үед Алварез гоолдов. Месси 69 дэх минутад эсрэг багийнхаа хамгийн шилдэг хамгаалагч болох Гвардиолыг ажилгүй болгож, Алварезд гоолын дамжуулалт өгснөөр тоглолтын үр дүн 3 – 0 боллоо.
Тоглолт Хорватын хувьд улам хүндэрсэн бол Аргентинчууд чөлөөтэй тоглож, довтолгоо бүр нь аюул тарьж, хамгаалалт нь бүрэн утгаараа ажиллав. Ливаковичийн ачаар л Хорват олон гоолоор хожигдсонгүй.
Тоглолтын дараа Месси “Бид Саудын Арабын шигшээ багт хожигдож ДАШТ-ийг эхлүүлнэ гэж огт бодож байгаагүй. Ийм байдалтай тэмцээнийг эхлүүлсэн нь манай багийн хувьд хүнд сорилт, дарамт байлаа. Дараа дараагийн тоглолт бүр бидний хувьд сүүлчийнх мэт байсан. Гэхдээ энэ хожигдол биднийг улам хүчирхэг болоход тусалсан юм. Би олон зүйл мэдэрч байна. Цэнгэлдэхийг хараад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Ард түмэн, гэр бүлээ ДАШТ-ий турш харах гайхалтай байна. Би хүссэн сүүлийн тоглолтоо хийхээр боллоо.
Энэ ДАШТ миний сүүлийнх эсэхийг мэдэхгүй байна. Энэ тэмцээнийг үнэхээр би таашааж байна. Манай бүрэлдэхүүн энэ хүртэл явна гэдэгтээ итгэлтэй байсан. Бид хэн гэдгээ мэднэ. Тэр ч утгаараа ард түмнээ бидэнд итгэхийг хүссэн.
Бид энэ тэмцээний турш олон л нөхцөл байдалд байж үзлээ. Харин өнөөдөр гайхалтай мөч тохиож байна. Энэ мөчийг энэ байгаа ард түмэнтэйгээ болон биднийг Аргентиндаа дэмжиж буй иргэдтэйгээ мэдэрч байна. Энэ мөчийг галзуу байх болно гэж төсөөлж байлаа. Бид энэ тэмцээний турш фаворит нь байгаагүй. Гэхдээ би бууж өгөхийг хүсээгүй. Бид тоглолтоос тоглолтод сайжирлаа. Аргентин дахин нэг удаа финалд шалгарлаа. Гайхалтай” гэжээ.
Харин Хорватын багийн дасгалжуулагч Златко Далич “Тэр бол дэлхийн шилдэг тоглогч. Тэр аюултай, техниктэй, өндөр түвшний тоглолт үзүүлэх чадвартай. Бид харахыг хүсэн хүлээж байсан жинхэнэ Мессийгээ харлаа” гэж өрсөлдөгчөө магтлаа.