Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн хэргээр хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн бол Х.Баттулга

2022-12-12

Өнөөдрийн/2022.12.12/ Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайн асуудлаар олон улсын аудит оруулахаар шийдвэрлэжээ. Дэлхийн топ аудитын компаниудын аль нэгийг сонгон шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд нь иж бүрэн шалгалт оруулна гэв.

Мөн “Эрдэнэс Тавантолгой”-г олон нийтийн компани болгох чиглэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Ажлын хэсэг гаргахаар болжээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд үйл ажиллагаа явуулсан 12 гаруй жилийн хугацаанд 12.8 их наядын борлуулалтыг хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баталгаажсан. Хичнээн төгрөгийн оффтейк гэрээ хийгдсэн нь ийнхүү олон нийтэд ил болж байна. Хүмүүсийн нэрийг зарла гээд байгаа.  Хэрэгт холбогдон шалгуулж байгаа албан тушаалтнуудыг болон хэргийн талаар товч мэдээллийг маргаашдаа багтаж хуулийн байгууллагаас өгөхөөр төлөвлөж байна.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Лхагва гарагт болох хуралдаанд оруулж ир гэсэн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн.

Тодруулбал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/ҮАБЗ/-өөс аж ахуйн ахуйн зориулалттай гэрээ хэлцэл байгуулах талаар зөвлөмж гаргахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд оруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг дөнгөж сая байгуулагдаж байна. Энэ нь том агуулгатай өөрчлөлт биш.

Цаашид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аж ахуйн шинжтэй гэрээ хэлэлцээр байгуулахыг Засгийн газарт даалгасан зөвлөмж гаргахгүй байхаар хуульчлах юм. Үүнийг дагаад Төрийн болон албаны нууцын тухай хуульд давхар өөрчлөлт орно. Энэ төрлийн бичиг баримтыг төрийн нууцад авахгүй байхаар өөрчлөлтийг оруулна.

Оффтейк гэрээтэй холбоотой дийлэнхи зөвлөмжүүд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын үед буюу түүнийг ҮАБЗ-ийг тэргүүлж байх үед гарсан. Их сонирхолтой баримтууд байдаг юм байна лээ.
2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь Чингис Бондын мөнгөөр 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй далан бариад зогссон.
Дараа нь энэ төмөр зам дээр дахиж “Бодь Интернэйшнл” компанийг оруулж ирж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж, гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Тэгэхээр энэ хүн бол хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж би хувь хүний хувьд бодож байна. Гэхдээ би хэрэг мөрддөг хүн биш.

Холбоотой мэдээ