
Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал зургаа дахь өдрөө Төв талбайд үргэлжилж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр жагсаж буй иргэдэд Засгийн газрын шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр “Жагсагчид Пүрэв гарагт надад гурван шаардлага ирүүлсэн.
- Нүүрсний хулгайч нарын нэрийг зарла
- Хулгайч нарт бүгдэд нь 15 жилийн ял оногдуул
- Ковид-19-ийн үеийн төсвийг ил, тодорхой болго гэсэн.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын үеийн төсвийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох үүргийг Шадар сайд С.Амарсайханд даалгасан.
Үнэндээ эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу Хятадын ЗГ-аас дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэсэн бичиг ирсэн. Манай улсыг яг авах мэдээллээ тодорхой болгож өгөхийг хүссэн. Сүүлийн 15 жилийн хугацаанд Тавантолгойн орд газруудын засаглалыг сайжруулахад дорвитой арга хэмжээ аваагүйдээ хүлцэл өчиж байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий прокурортой уулзаж, нүүрсний хэрэгт шалгаж байгаа хүмүүсийн нэрийг зарлах хүсэлт тавихаар боллоо. Учир нь аливаа хэргийг шалгаж байхдаа мэдээлэх, эс мэдээлэх эрх ганц Улсын Ерөнхий прокурорт байдаг. Эрх зүйт төрд хүнийг хулгай хийсэн эсэхийг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тогтоодог. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана” гэв.