Н.Алтанхуяг: Зэс бас хулгайлагдаж байна

УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүсэлт гаргаж үг хэллээ. Тэрбээр “Сая нэг гишүүн хэлчихлээ, юун Дарханы арьс ширний үйлдвэр вэ гэж. Нээрээ, юун Дарханы арьс ширний үйлдвэр вэ. Хэдүүлээ сэрж, сэдэж жаахан юм хийхгүй юм уу. Гадаа үнийн өсөлт, ахуй амьжиргааны доройтлоос болоод иргэд бухимдаж, жагсаж цуглаж, залуучууд өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байна. Бид энд дүлий дүмбэ царайлаад, хэдэн малын арьсаа тэгнэ ингэнэ гээд яриад сууж байна. Ярих ёстой л доо. Гэхдээ өнөөдөр ярих асуудал мөн үү, биш үү.

УИХ-ын дайчин давшингуй, шуурхай байдал дутагдаад байна гэж бодож үг хэлье гэсэн юм. Зэс бас хулгайлагдаж байна. Зэстэй холбоотой хулгайг зогсооё гээд тогтоолын төсөл оруулсан. Энэ асуудал Алтанхуягийн юм уу, Ардчилсан намын асуудал биш юм. Энэ парламентын танхимд энд хэдхэн хүн үг хэлээд байна. Олонхи жаахан анхаараач. Хэтэрхий олонхи болчихоор жаахан бяр суучихаад, буруудаад байх шиг байна. Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж байна. Хэрвээ үнэн бол дэмжмээр байна. Би сүүлийн үед үнэн ярьж байна уу, худлаа ярьж байна уу гэдэгт эргэлздэг болсон. Ард түмэн ч эргэлздэг болсон. Хэчнээн ч олон юмтай тэмцэв ээ. Шийдэл нь юу болов оо.

Үнэхээр нүүрс, зэсийн хулгайтай тэмцэнэ гэж байгаа бол шууд дэмжинэ. Гэхдээ ямар нэгэн хулгайч, ямар нэгэн буруу зүйлтэй тэмцэхдээ энд сууж байгаа хэдэн гишүүдийн нэрийг ээлжилж хэлчихдэг. Ингээд ажил чинь нураад байгаа юм шүү дээ. Яг чулуу шидэхэд нүүрсэн дээр 60 гаруй хүний толгой л хагарна.

Ажил хийхгүй байна. Парламентын ардчиллаа хамгаалъя, Ардын намын гишүүд ээ. Энд үг хэлүүлэхгүй байна. Үг хэлэхээр арваадхан хүнийг барьж иднэ. Барьж идээд байхаар та нарын болохгүйг хэлэх хүн олдохоо больсон, энэ арав дотор. Муу Пүүжээ л өчигдөржингөө “орилно” лээ. Энийгээ ярихгүй юм уу, та нар. Хяналтын ажлын хэсгээ цөөнхөөр толгойлуулчихвал яасан юм бэ. Тэр ажлын хэсгүүд дотор нөгөө жаран хэд чинь олонхи л байна шүү дээ.

Юунаас айгаад, яагаад юмыг шударга хийж чадахгүй байгаа юм бэ, та нар. Яагаад аалзны тор шиг хоорондоо сүлжилдээд, нэг нэгнээ нэг нэг юмаар нь барьцаалчихаад байгаа юм бэ. Алт, зэс, хүдэр… гээд. Үүнийгээ жаахан янзалж болохгүй юм уу. Хэдүүлээ нойрноосоо сэрээд ажил хийе л дээ. Би уг нь тэр нүүрсний хулгайн ажлын хэсэгт чинь оръё гэсэн. Яагаад цөөнхийн нэг гишүүн тэр ажлын хэсэгт орж ажиллаж болдоггүй юм бэ. Та нар сонин хууль баталчихаж. Ажлын хэсэгт гишүүн орохыг кнопоор шийднэ гээд намайг унагаачих юм. Болиоч. Парламентын ардчиллаа бэхжүүлье. Цөөнхөөрөө ажил хийлгэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ