“Ялагдашгүй Армада” Мароккод хожигдож, Роналдуг сэлгээнд суулгасан Португали Швейцарийг бут ниргэлээ

Катар-2022 ДАШТ-ий шөвгийн найман багийг тодруулах сүүлчийн хоёр тоглолт өчигдөр боллоо. “Ялагдашгүй Армада” гэгддэг дэлхийн аварга Испаний шигшээ багийг Мароккогийн баг пеналтиар хожлоо. Португал харин Швейцарийн багийг бут ниргэлээ.

Марокко 0 (3) – (0) 1 Испани

Африк тивийн төлөөлөл Марокко хүчирхэг Испаний шигшээг торгуулийн цохилтоор буулган авч, түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгарлаа.

Тоглолтод хоёр баг үндсэн 90, нэмэлт 30 нийт 120 минутын турш нэгнийхээ хаалганд гоолдож чадсангүй. Мароккогийн хаалгач Яссин Буну энэ өдрийн тод од нь байсан бөгөөд тэрбээр Карлос Солер, Серхио Бускетс, Пабло Сарабиан нарын торгуулийн цохилтыг хаав.

Харин Мароккогоос Бадр Бенун торгуулийн цохилтоо алдсан ч Абделхамид Сабири, Хаким Зиеш, Ашраф Хакими нар гоолдлоо.

Испанид гоол оруулах боломж байсан ч тэд ашиглаж чадалгүй ийнхүү эцсийн мөчид хожигдлоо. “Ялагдашгүй Армада” гэгддэг Испани сүүлийн гурван том тэмцээндээ буюу 2018 оны ДАШТ, 2021 оны ЕАШТ, 2022 оны ДАШТ-д торгуулийн цохилтоор ялагдал хүлээж байгаа нь энэ.

Португал 6 – 1 Швейцарь

Португал, Швейцарийн энэхүү тоглолтод агуу Кристиано Роналдуг сэлгээний сандалд суулгасан. Харин түүний оронд гараанд гарсан Гонсало Рамос хэмэээх 21 настай залуу хүү энэ ДАШТ-ий анхны хет-трикийг хийж, Роналдогийн үүргийг биелүүллээ.

Гонсало тоглолтын 17, 51, 67 дахь минутуудад гоолдсон бол түүний багийн хамтрагчдаас Пепе, Гиррейро, Леао нар гоол орууллаа. Харин Швейцариас Аканжи нэр төрийн ганц гоол орууллаа.

Пепе 39 насандаа гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд гоол оруулсан хамгийн хөгшин хоёр дахь тоглогч болжээ. Түүний дээр 42 насандаа гоол оруулсан Камеруны Рожер Мила бичигдэж байна.

Тоглолтын дараа Португалын дасгалжуулагч Фернандо Сантош Роналдугийн талаар “Түүний үзүүлсэн үлгэр жишээг харахад сайхан байна. Мэргэжлийн ур чадвар, ахлагч гэдгээ харуулсан, гоолоо тэмдэглэсэн арга зам, түүний цааш явах зам, агуу хүсэл зоригийг харуулсан” гэжээ.

Шөвгийн наймын тоглолтод ийнхүү дараах багууд хоорондоо тоглож, дөрөв нь үлдэнэ.

  • Нидерланд – Аргентин
  • Хорват – Бразил
  • Англи – Франц
  • Морокко – Португал

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn