Л.Оюун-Эрдэнэ: Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй гэж тэр нүүрсний луйварчдад хэлье

2022-12-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын албаны хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Жагсагчдаас ирсэн 20 орчим саналыг нэгтгэсэн. Багцлаад үзвэл шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн банкны өр, Чингис бонд төлөгдөж байна. Энэ бол тухайн үед бид л болж байвал яах вэ гэж босгосон, монголын ирээдүйг боомилсон бонд. Ийм хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцох асуудлууд дээр манай Засгийн газар, өмнөх Засгийн газар ч амаргүй тэмцлүүдийг хийсэн. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг Арбитри өглөө гэж энэ танхимд зарлаж байсныг та бүхэн санах байх. Тэр үед 2.2 тэрбум ам.долларын өрийг төлж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр үүсэхээс сэргийлж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Үүнийг олон нийт маш сайн дэмжиж, үр дүнд хүрч чадсан.

Оюутолгой, Хөгжлийн банкыг шийдэж чадсан шиг нүүрсний хулгайн асуудлыг ч бид шийдэж чадна. Олон нийт Засгийн газартай хамт хууль хяналтын байгууллага, шүүх засаглалыг сайн анхаарах хэрэгтэй. Есөн мянган жолоочоос авахуулаад, 70 гаруй төрийн алба хаагч, компаниудын хувьцаа эзэмшигчдээс авахуулаад томоохон хэмжээний шалгалт явагдаж байгаа. Удахгүй тодорхой үр дүн гарна.

Өчигдөр болсон жагсаалыг үдээш хойш нүүрсний хулгайч нар өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролдсон. Эрдэнэс Тавантолгойн өмнөх удирдлагууд үүнд оролцсон. Амьсгаа нь давчдаж байгаа хүмүүс хамгийн их нүүрс ярьж эхэлж байгаа, янз бүрийн мэдээлэл гаргаж тавьж байгаа.

Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй гэж тэр хүмүүст хэлье. Та нар нүүрсний хэдэн төгрөг цуглуулсан байж болно. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар бас ажиллах чадамжтай шүү.

Хоёр удаа амаргүй жагсаал боллоо. Үнийн өсөлт, инфляци амаргүй байхад иргэд бухимдалтай байх нь ойлгомжтой. Саяны жагсаалын дараа тогтолцоогоо том агуулгаар нь харж, шийдэхгүй бол гал унтрааж, аргацааж явж байгаад эрх зүйт төрд, парламентийн засаглал солигдох хэмжээний эрсдэл үүсэх вий гэдэгт санаа зовж эхэлсэн. Үндэсний хэмжээний зөвшилцөлд орох нь зөв гэж эрх барьж байгаа намын даргын хувьд үзэж байна.

Томоохон шинэчлэл хэрэгтэй байна. Хэрэв өчигдөр болсон жагсаал Японд болсон бол Ерөнхий сайд нь УИХ-ыг тараагаад, дахин сонгууль явуулчихсан байгаа. Ерөнхий сайд ард түмнээсээ асуух эрхтэй байх тухай асуудал.

Харамсалтай нь манай Үндсэн хуульд ийм сонголт байхгүй. Тиймээс Үндсэн хуулийн шинэчлэлийг хийж, би ч бас ард түмнээсээ асуухыг хүсэж байна.

Энэ тэмцэл үргэлжлээсэй гэж хүсэж байвал ард түмэнд сонголт хийж өгөөч. Хэрэв ард түмэн үгүй бол дүнгээ тавих хэрэгтэй. Ийм сонголтын өмнө ирэхэд бэлэн байна.

Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яригдаагүй. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөрчилтэй байна, үе хоорондын зөрчил яваад байна гэх зүйлс их яригдах болсон. Ийм мэдээллээс болж бид муудалцахгүй. Өчигдөр ҮАБЗ хураддаж, Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай энэ саналынхаа талаар санал солилцсон. Энэ бол нэгдүгээрт, улс төрийн намын асуудал, хоёрдугаарт, Засгийн газар шаардлагатай бол, хэрэв ард түмэн дэмжвэл тогтолцооны реформыг дэмжинэ гэх байр сууриа илэрхийлсэн.

Үндэсний хэмжээний зөвшилцөлд хүрч, шаардлагатай гэж үзвэл, Үндсэн хуульд өөрчлөлт орж эрх зүйн орчинд шинэчлэл хийгдвэл заавал 2024 оныг хүлээхгүйгээр ард түмэндээ сонголт өгөхөд миний хувьд бэлэн. Энэ бол Үндсэн хууль, сонгуулийн хууль болон тогтолцооны цогц асуудал.

Холбоотой мэдээ